Увс аймгийн Улаангом хотод Ойрадын Заябандида Намхайжамц тод үсэг зохиосны 375 жилийн ой, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба агсан, хэл бичгийн ухааны доктор Гааданы мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Баруун Монголын бичиг номын өв соёл” эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн долоо хоногт боллоо.
Энэ үеэр Увс аймгийн төв номын сангийн гадна талбайд тод үсэгт зориулсан гэрэлт хөшөөний нээлтийг хийжээ. Уг хөшөөг эдийн засгийн ухааны доктор С.Анхбаяр, эрчим хүч судлаач Н.Болдхүү, түүхийн ухааны доктор На.Сүхбаатар нар бүтээлгэсэн аж.
Зая Бандида Намхайжамц шашин номын зохиол бүтээл орчуулахад алдаа мадаг гаргахгүйн тулд нийт сүсэгтэн олонд зориулж 1648 оны хулгана жилд ТОД ҮСЭГ-ийг зохиосон юм.
Мөн “Тод номын гэрэл” төвөөс эрхлэн гаргасан 120 гаруй номыг номын санд гардуулан өгчээ. Цаашдаа Увс аймгийн төв номын сан Зая Бандида Намхайжамцын нэрэмжит болж, энэ хүрээнд монгол эрдэмтдийн тод бичгийн судар номын цуглуулан Ойрад судлалын өв сан үүсгэн, ирээдүй хойч үедээ уншиж судлах орчин бий болгох зорилт тавин ажиллаж байна.