Хянан шалгах түр хорооны анхны хурал өнөөдөр (2023.08.29) 11:40 цагт 72.7 хувийн ирцтэйгээр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдлаа.
Хуралдаанаар Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай түр хорооны тогтоолын төсөл хэлэлцсэн юм.
Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналтай гишүүдийн саналыг авахад Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, М.Оюунчимэг нар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өөрийн нэрийг дэвшүүллээ.
Гишүүдийн саналаар Х.Нямбаатар ажлын хэсгийг ахлахаар болов.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ,
- Хянан шалгах түр хорооны дарга түр хорооны зохион байгуулалтыг л удирдаж явахаас бус, ганцаараа асуудал шийдэхгүй.
- Хянан шалгах түр хорооны гишүүд адил тэнцүү саналын эрхтэй оролцож, шинжээчээ сонгож, томилж, нотлох баримтуудаа шинжлэн судалж, нээлттэй хэлэлцүүлгүүдээ зохион байгуулна.
- Олон нийтэд далд байгаа мэдээллийг ил болгож, олон нийтийн хяналт дор тэдний хардаж буй асуудлуудыг ил болгоно.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хуулийн хүрээнд нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг авч байгаа.
- Энэ удаагийн Улсын Их Хурлын хийх ажлын томоохон хэсэг бол төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг засаглалынх нь хувьд цэгцлэх бөгөөд Улсын Их Хурлын намрын чуулганаар холбогдох хуулийг батлагдаасай гэж хүсэж байна.
- Энэ удаагийн сонсгол нь Төрийн өмчит компаниудыг цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тогтолцоог шинэчлэх, өмнө нь хийгдсэн бүх гэрээ хэлцлүүдийг олон нийтэд ил тод болгох явдал гэв.
эв.