Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, сургууль цэцэрлэгүүд үүд хаалгаа дэлгэх чухал үе болох гэж байна. Есдүгээр сарын нэгнийг тохиолдуулан бид та бүхэнд Монголын боловсролын байгууллагууд хэрхэн үүсэж хөгжсөн талаар түүхэн баримтат цуврал мэдээг хүргэхийг зорьж буй. Тэгвэл энэ удаа монголчууд харийн дарлалаас гарч, тусгаар улсаа зарласны дараа буюу Богд хаант Монгол улсын үеийн анхны бага сургуулийн талаар бэлтгэлээ.
Богд хаант Монгол Улсын анхны бага сургууль 1917 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу Одоогийн Архангай аймгийн Ихтамир сум /хуучнаар Ихтэнгэр сум/-ын нутагт Хан-Өндөрийн хийдэд үүсч байгуулагдсан түүхтэй. Улмаар энэ сургууль Хан-Өндөр багийн бага сургууль хэмээн нэрлэгдэж байснаа 2018 онд 100 жилийн ойгоор нь музей болгосон байдаг
Түүхийг сөхвөл, Сэцэн чин вангийн хошуу ноёд нь Их эзэн Чингис хааны 15 дахь үеийн залгамж агь Батмөнх даян хааны шууд удам угсааны Гэрзэнз Жалайр хутагт ноёны хүү Цэцэн, Цэрэн ноён, түүний хүү Цэнгүнжав долдугаар хүү Лхаваандорж, асарсан хүү Баянжаргал, хүү Цэдэнбазар, Дарам ноёны хоёрдугаар хүү Наянт ван түүний гуравдугаар агь ноён Артаасэд буюу Арди-Шид нарын үе залгамжилсан ноёд бөгөөд их эзэн хааны удам угсааныхан гэдгийг Халхын Сайн ноён хан аймгийн ван гүнгүүдийн шаштир түүхэн сурвалж бичигт байдаг.
Дарам ноёны хоёрдугаар хүү Наянт ван Бээжингээс ирж, өөрийнхөө ноёны сангаас хөрөнгө мөнгө гаргаж, энэ сургуулийг 1917 онд Монгол бичгийн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд 1918 онд анхныхаа төгсөлт хийснээр Хан-Өндөрийн бага сургууль байгуулагдсан оныг түүх бичлэгт 1918 оноор тогтоосон байна.
Монголын төр нийгмийн зүтгэлтэн, бүх цэргийн жанжин, комиссари, корпус командлагч, аюулаас хамгаалах байгууллагын өндөр дээд албан тушаалтан, шилдэг эх орончид, багш, эмч нарын сор болсон нэр бүхий сэхээтнүүд энэ сургуульд “А” үсэг заалгаж, бичиг ном соёлын мөр хөөсөн түүхтэй.
Б.Хишиг