Монгол дахь Конрад Аренауэр сангийн суурийн төлөөлөгчийн газрын 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр "Монголын ардчилал: Өчигдөр, өнөөдөр" сэдэвт чуулган боллоо. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга үг хэллээ.
Тэрбээр "Өнөөдрийн чухал өдрийг та бүхэнтэй хамт тэмдэглэн өнгөрөх завшаан тохиож байгаад талархаж байна. Монгол Улс 1990 оноос тайван замаар ардчилсан шилжилт хийж, шинэ үндсэн хуулиа баталж, улс төрийн олон намын тогтолцоот төлөөллийн ардчиллыг сонгон эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн төр бүтээхийг зорьсон.
Энэхүү зорилгын төлөөх үйл ажиллагаа, ололт амжилтыг олон улсад үнэлж, Монгол Улсыг ардчиллын баянбүрд, ардчиллын гэрэлт цамхаг хэмээдэгт Монголчууд бид баяртай байдаг.
Гэхдээ Монголын ардчилал улс төрийн намууд, параламентын засаглал, төлөвшлийн хувьд шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тиймээс ардчиллаа улам бүр бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж, ардчилсан үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх, улам бүр бэхжүүлэх алхамыг удаа дараа хэрэгжүүлсээр ирсэн. Гурван сарын өмнө төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах зорилгоор Монгол Улсын үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж, хууль тогтоох байгууллагыг 120 гишүүнтэй болгосон. Энэ нь параламентын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах шинэчлэлийн эхлэл болсон. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог улам бүр нэмэгдүүлэхийн төлөө Сонгуулийн хуульд 2024 онд 30 хувь, 2028 он гэхэд 40 хувь болгох зорилтыг хуульчлан баталсан.
Манай улсын ардчиллыг бэхжүүлэхэд олон улсын байгууллагууд, тодорхой сангууд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн байдаг.
Тэдний нэг болох Конрад Аденауэр сангийн зүгээс оруулсан хувь нэмэр их юм. Тодорхой гурван хувь нэмрийг онцлон дурдахийг хүсэж байна.
Нэгдүгээрт, Тогтвортой ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулж иржээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үргэлж хамт байж үзэл санаа бодол, өөрсдийн мэдлэг туршлагаар дэмжлэг үзүүлж ирсэн нь бидний хувьд талархалтай зүйл юм.
Хоёрдугаарт, Улс төрийн боловсролын үйл ажиллагааны төв болгож иржээ. Улс төрийн боловсролыг дээшлүүлэх, намуудыг хөгжүүлж бодлогын институц болгох нь Монголын ардчиллыг бэхжүүлэх нэгэн чухал зүйл байсан.
Гуравдугаарт, Конрад Аденауэр сан нь Монгол Улсын ардчиллын найдвартай түнш байсаар иржээ.
Бид эрх баригч МАН-ын хувьд ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, шударга ёсыг тогтоох эрхэм зорилгынхоо төлөө тууштай зогссоор байх болно.
Монгол Улсын ардчиллыг тогтвортой хөгжүүлэх, улс төрийн намуудыг шинэ түвшинд гаргахад Конрад Аденауэр сангийн зүгээс хувь нэмэр оруулсаар байх болно гэдэгт итгэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)