Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр “Боловсролын шинэ сэргэлт” чуулганыг зохион байгуулж, Боловсролын багц хуулиа гардаж авсан юм.. Уг чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ жилээс эхэлж 2030 он хүртэл БАГШ боловсрол эзэмших бүх хүүхдийн сургалтын төлбөрийг ТӨР хариуцах шийдвэр гаргаж байна. Мөн БАГШ мэргэжлээрээ дотоодод магистрт сурах бол сургалтын төлбөрийг ТӨР бүрэн хариуцна” хэмээн мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн талаар хүмүүс янз бүрээр санал бодлоо илэрхийлж, зөв, буруу гэдгээр талцаад байна. Тэгвэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэ шийдвэртэй холбоотой байр сууриа цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхий сайдын “Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг төр 100 хувь хариуцах”-аар болсон шийдвэр бол багш бэлтгэх тогтолцоонд маш том үр дүн өгнө. Зарим хүмүүс багш болох гэж зүтгээд, тэр хирээр чанаргүй олон багш төгсөж, сургалтын чанар муудна гэж болгоомжилж байх шиг байна.
Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг 100 хувь даахтай холбоотой шалгуурыг БШУЯ маш нарийн боловсруулна. Багшаар суралцах хөтөлбөр, МУБИС-ийн анги танхимын шинэчлэл, багш нарын нийгмийн асуудал зэргийг цогцоор нь харж шийднэ.
Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлэхээс өгсүүлээд шат дараатай олон алхмыг хийх болно" гэв.
Сэтгэгдэл (1)