Цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0151 дүгээр ангийн удирдлага 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 19 хүүхдийг хүлээн авлаа. Энэ арга хэмжээний үеэр бяцхан сурагч нарт дайчин алдрын танхим үзүүлж, аав, ээжийнх нь ажлын газрын онцлогыг сонирхуулахын зэрэгцээ Хил хамгаалах байгууллагад ашиглагдаж байгаа зэвсэг, тусгай хэрэгслийг дэлгэн үзүүлж урлагийн тоглолт, бүжгийн хөдөлгөөн зааж сурган, авхаалж самбаа сорьсон хөгжөөнт тоглоом зохион байгууллаа.
Хилчдийн хүүхдүүд гэдэг төрсөн цагаасаа эхлэн гэр бүлийнхээ хамт эх орныхоо аюулгүй байдлын төлөө хамтдаа зүтгэж байдаг билээ. Энэ хүндэтгэлтэй арга хэмжээнд харилцан ажиллах төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд залуучдын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнгүүд оролцлоо. Бяцхан сурагчдынхаа цаашдын сурлага, урлаг, спортын амжилт хүсэж, ангийн удирдлагаас хичээлийн хэрэгсэл гардуулан өгөв. Уг арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагч нарын нийт 75 сурагч хамрагдаад байна.