ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн гар хүрэхгүй салбар гэж үгүй боллоо. Тэрбээр хошин урлагийн жүжигчдийг хүртэл “мад” тавих гээд “даапаалж” суусан нь саяхан. Хүний эрхийг зөрчигч “алиалагч” хэмээн өөрөө хүний эрхийг зөрчсөн үг хэлж байв.
Дарга боллоо гээд юм болгон руу хошуу дүрж, хумсаа шигтгээд явж болно гэж тэр бодсон бололтой. Ингээд түүний бөхийн спорт руу “цүлхийтэл” орсон бахдам түүхээс хуваалцъя.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга болж, баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, монгол бөхийн барилдааныг дэлхийн спорттой андууран “холион бантан” хутгасан болохыг энэ жилийн наадам нотлон харуулсан билээ. “Хоёр бөх хаялцахгүй” хэдэн ч цаг зогсож мэдэх нь төрийн ажлыг “самрах” хэмжээнд хүрчээ.
Ингэж өв соёлоо хүртэл “цагаар хуульчилдаг” болов. Энэ бол хэн нэгэн бөхийн ялагдал, ялалт дээр дэвхцэн баярлах бус үнэн хүч, уран мэхийг үзэн жилдээ нэг уухайлдаг ард түмний баяр юм. Чухамдаа битүү хатуу үг хэллэг уншсаар соёлын мөн чанарыг төдийлөн ухаж ойлгох сэтгэл зүрхгүй болчихно гэж баймгүй.
Допингийн эсрэг үндэсний төвөөс “нэг бөхийн хариу ирээгүй" гэсэн мэдээлэл аль хэдийн тарж, хэний шинжилгээний хариу болохыг ч жиг жуг ярьсаар байна. Гэтэл өчигдөр буюу наймдугаар сарын 21-нд хийсэн мэдэгдэлдээ “хариуцлагагүй хандаж” бараг л “Б сорьцийн шинжилгээ өгөхөөс өмнө тэрхүү бөхийг дүүжиллээ”. Хуулийн үг үсэгтэй 10 гаруй жил харьцсан хүн гэгдэх боловч үг хэлэх хариуцлага гэж “А” ч алга.
32 шинжилгээний хариу “үхрийн баас” шиг цувсны ард хардлага дагуулсан олон асуулт үлдэж байгаа юм. Допинг гэмэгц л “тохироо”, “үзэмж” гэх яриа чих дэлсдэг болсоор өчнөөн жилийн нүүрийг үзэж байна.
Түүхэнд байхгүй алдааг манай “дарга нар л гаргаж ирж чадна”. Түрүүний бөөс толгойд гарна гэгчийн үлгэрээр тэд монгол бөхийн цол чимэг дээр “тоглодог” болсон. Ингэтэл нь монгол наадам, өв соёлыг доройтуулав.
П.Сайнзориг асуудал гарахад “бөөрөнхийлж” л суудаг. Аль болох өөрөөсөө холдуулж, ямар нэгэн тайлбар хийчихсэн л явах. Наадмаар ч мөн “хоёр бөх” уучлалт гуйсан хэмээн хийсэн зүйлээ өөрөө өөртөө цагаатгаж байлаа.
“Дүрмийн дагуу бөхчүүдийн эрүүл мэнд болон олон нийтийг чилээхгүйгээр уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзэх ёстой гэсэн агуулгыг шигтгэсэн юм” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байна билээ. Тийм амар зүйл бодно. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл идэвхээр давсаар “аваргатай” болж мэдэх арвин их ирээдүй бидэнд харагдаж байна.
Мөн “Допин”-ийн шинжилгээг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын хяналт дор авсан гэж байгаа. Энэ бол хардаж, сэрдэхгүй байх үндэслэл биш.
Шинжилгээний хариу уван цуван ирсэн гэж байгаа нь энэ жилийн наадмын бөхчүүд гэхээс илүү нэр бүхий дарга нарыг сэрдэхэд хүргэж буй юм.
П.Сайнзориг “Допингийн эсрэг үндэсний байгууллага шинжилгээг хариуцдаг. Бид тэр байгууллагын ажлыг мэдэхгүй байна” гэж байсан атлаа шинжилгээний хариу барьчихаад “савчаад” сууж байгаа нь бас л элгийн.
Эцэст нь, допинг хэрэглэж хайран залуу нас, эрүүл мэндээ үрэн таран хийж хүрсэн алдар нэрээс доош унахдаа “хэн ч биш” болдгийг бөхчүүд харж л байгаа биз. Өөрсдийгөө бас хамаг л зүйлээ зориулж байгаа бөхийн спорт, өв соёлоо хайрлаж чадахгүй бол энд ямар ч хүндлэл байхгүйг ойлгож ухаарах хэрэгтэй.
Сэтгэгдэл (8)