Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Инэл Зайсан виллаж” хотхоны гүний худгаас гурван төрлийн эмгэг, өвчин үүсгэгч бактери илэрсэн талаар мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тэгвэл Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба болон эрүүл мэндийн газраас тодруулахад энэ талаар мэдээлэл нийслэлд ирээгүй гэж албаныхан хариуллаа.
Уг хэргийг тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Инэл Зайсан виллаж” хотхоны оршин суугчдад наймдугаар сарын 1-нээс эхлэн гэдэсний халдварт өвчин, цусан суулгаар өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ.
Оршин суугчдын хийсэн судалгаагаар 69 өрхийн 250 орчим хүнд дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор оршин суугчид хариуцсан контор болох “Зайсан Скай” компанид хандаж, контороос Усны газар болон Стандарт хэмжил зүйн газарт гүний худгаас дээж явуулан шинжилгээ хийлгэжээ.
Стандарт хэмжил зүйн газарт айлуудаас авсан дээжийг, харин Усны газарт гүний худгаас авсан дээжийг явуулсан байна. Стандарт хэмжил зүйн газрын хариу нянгийн хэмжээ байх ёстой хэмжээнээс хэтэрсэн бол Усны газрын шинжилгээний хариу нянгийн тоо тоологдох аргагүй их хэмжээнд байна гэсэн дүгнэлт гаргажээ. Гэвч тус хотхоны конторын ажилтан шинжилгээний хариуг өөрчилсөн байна.
Энэ талаар Усны газрын микробиологич Г.Нарансолонго Eagle телевизэд өгсөн ярилцлагадаа “Тухайн дээж наймдугаар сарын 7-нд лабораторид ирсэн. Харин шинжилгээний хариу наймдугаар сарын 11-нд гарсан.
Нянгийн тоо байх ёстой хэмжээнээсээ хэд дахин илүү буюу тоологдохооргүй олон төрлийн нянгууд илэрсэн. Мөн гэдэсний бүлгийн эмгэг төрөгч болон гэдэсний бүлгийн савханцар, сульфат задлагч агааргүйтэн илэрсэн нь тогтоогдсон. Эдгээр нь бүгд өвчин үүсгэгч нянгууд.
Уг шинжилгээний хариуг захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн боловч өөрчилсөн байсан” хэмээн мэдээлсэн юм.