Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс хийсэн үерийн эрсдэлтэй 86 байршлын судалгааны дүн, “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын танилцуулсан мэдээллээс онцлох таван эшлэлийг хүргэж байна.
ЭШЛЭЛ 1
Одоогоор 2,294,852 га талбай барилга байгууламжийн санд бүртгэлтэй байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий 1642 барилга баригдвал хүн явах ч зайгүй болно. Тиймээс 2016 он хүртэлх төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож байна. Нийт 1642 барилгын 40 хувь нь Их тойрууд байна. Яармагийг одоо л засаж авахгүй бол Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо шиг болно.
Мөн авлигал хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана. Хууль зөрчсөн үйлдэл байхгүйг тогтоосон.
ЭШЛЭЛ 2
Нийслэлийг аймаг, сумдын бүтцээр хөгжүүлэх хуулиа өөрчилье гэж олон удаа үзсэн. Нийслэлийн багц хуулиа энэ намрын чуулганаар батлахгүй бол энэ их уур бухимдал, нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрнэ.
ЭШЛЭЛ 3
Миний бие 2022 онд ажлаа аваад хотын Мастер төлөвлөгөөг батлуулах ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн зургаадугаар сард батлаад л гурван хоногийн дараа эхний үер болж дараагийнх ар араасаа үргэлжилсэн. 1970-1990 оноос үерээс хамгаалах инженерийн байгууламжийг эрчтэй хийсэн, түүнээс хойш бараг ажил яваагүй юм байна. Хот мөнгөгүйдээ биш юм. Байгаль орчны яамны багцад гуу жалга хамгаалах маш олон төсөл хэрэгжиж байгаа. Яамдад хэрэгжиж байгаа эрхүүдээ бид буцааж авах ёстой. БОАЖЯ-нд үүнийг хариуцсан ганцхан мэргэжилтэн байна. Харин нийслэл хотод Байгаль орчны газар, холбогдох бүх талын мэргэжилтнүүд бий. Жишээ нь Нийслэлд нийтийн тээврийн жолоочоо сонгох эрхгүй. БШУЯ, ХНХЯ-наас томилдог. Ийм сонин тогтолцоотой.
ЭШЛЭЛ 4
Цаашдаа ухаалаг төлөвлөлт рүү явах чиглэл барина. Тиймээс хуулиа өөрчилье. Хот руу чихдэг байдлаа халах цаг болсон. Өндөр эрсдэлтэй 20 байршилд цаг уурын автомат систем суурилуулна. Энэ нь хоёр цагийн өмнө дохио мэдээлэл өгөх ба онцгой байдал, цагдаа гэхчлэн холбогдох алба хаагчид анхааруулан сэрэмжлүүлэх, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана.
ЭШЛЭЛ 5
Нийслэлийн захиргаанд байгаль орчны газар, бодлогын судалгааны институц гээд бүх механизм нь байгаа. Гэтэл яамнууд нь бүх зөвшөөрлийг нь салгаад авчихсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг биш систем нь ямар байгааг л хэлж байгаа юм. Тэгэхээр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс голын найман бүсэд мастер төлөвлөгөөндөө тусгасан арга хэмжээг авахаар бэлдэж байна.
Сэтгэгдэл (4)