Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, үүний хүрээнд “Монгол улсыг олон улсад сурталчлан таниулах Үндэсний хороо” байгуулан Соёлын сайд Ч.Номингоор ахлуулсан билээ.
Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын нэг салаа мөчир нь аялал жуулчлалын салбар. Тийм ч учраас гадаадын контент бүтээгчийг урьж, Монголын тухай мэдээллийг богино хугацаанд, өргөн цар хүрээтэйгээр дэлхий нийтэд түгээж байгаа нь “сайн бодлого” мөн.
Ингээд CNN телевизийн сэтгүүлч Ричард Квэст, 70 сая гаруй дагагчтай контент бүтээгч Нусейр Ясин, Цахим орчинд 72 сая дагагчтай илбэчин, контент бүтээгч, хөрөнгө оруулагч Julius Dein нар ирсэн билээ. Тэд ч өөр өөрсдийн ажлаа хийж эхэлсэн.
Гэхдээ төсвийн мөнгөөр “залсан” зочдын юу хийж байгааг иргэд сонирхон харахын сацуу эл ажлаас олон ахицтай үр дүнг хүлээж байгаа. Гэтэл өнгөтэй өөдтэй юу л байна, тэргүүн магнайд нь гүйж явдаг “Бүлэг этгээд” байдгийг бид мэднэ. Энэ удаад ч тэд зүгээр суусангүй.
Төрийн ажлыг “гэрийн ажил”-тайгаа хольж хутгаж яваа Соёлын сайд Ч.Номин инээмсэглэж байгаад л хөшигний цаана найздаа компаниа сурталчлах “цоорхой” гаргаад өгчихжээ.
Яагаад дэлхий нийтэд хүрч байгаа контентын зурагт Ч.Номин сайдын гэр бүлийн найз гэгддэг "Хас"-ын тодотголтой Ч.Ганхуягийн “Ард” компанийн ажилтан, бас тус компанийн логотой улаан шүхэр явж байдаг билээ. Ойлгох ухаан хайрла.
Энэ бол нэг ёсны сурталчилгаа мөн. Ийм “өлөн” байвал хэн гадаадаас “ашиглуулах” гээд гүйгээд ирэх вэ дээ. Аман дээрээ түүх соёл, Монгол эх орноо сурталчилна гэж бахдан хэлж байгаа ч үүний ард хэн нэгэн хүний эрх ашиг явж байгаад халаглах ч багадна. Гэвч заль мэхт заль мэхэндээ унадаг нь жам билээ.
Монголд сайд, даргатай найз байх ийм сайхан. Чи, зүгээр л, “Төсвийн мөнгөөр маркетингаа хийлгэчихнэ”. Монголд сайд, дарга байх ийм сайхан. Чи зүгээр л, “Төсвийн мөнгөөр яаж ийгээд танил дотно хүнээ тэжээчихнэ”.
Ард гэдэг шүхрийн компанитай болчихоогүй нь мэдээж. Өсөхийн өлөн арилахгүй гэдэг шиг баяжихын шунал дуусахгүй.
Энэхүү аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх “урт хугацааны хөгжлийн бодлогын эхлэл”-д найзаа “шургуулж” дөнгөсөн Ч.Номин сайд төгсгөлд нь хэдэн улаан лан хүртэх бол гэдэг гайхалтай бодлого шүү. Төрийн бодлогыг найзын дундаа хийдгийг 70 сая гаруй дагагчтай, дэлхийн контент бүтээгчийн зураг авалтын талбайгаас харж болно. Соёлын сайд аялал жуулчлалын салбарт "ШҮХЭР АЖИЛЛАГАА" хэрэгжүүлж эхэлсэн байна.
Инээж байгаа хүний ард “улайрч” байгаа нэг хүн байдаг нь хууль мэт болжээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (6)