Булган аймагт "Айраг фестиваль-2023" зохион байгуулагдсан билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар санаачилга гаргаж, санхүүжилтээр "цутгаж" аймгаа айрагны гэрэлт хөшөөтэй болгожээ.
Угаас энд тэндгүй мөнгөө шавар, чулуунд цутгах "моод" дэлгэрсэн. Үрж дуусгаснаас ямар нэгэн бүтээн байгуулалт хийх нь зүйн хэрэг. УИХ-ын гишүүн бээр Булганд "үнэн үгтэй", "сүрлэг" хөшөө босголцсныг та бүхэн харж байна.
Монголын тал нутагт түүх эд өлгийн дурсгал болсон буган чулуун хөшөө үзэгдэхтэй үгүйтэй атал хэн нэгэн мөнгөтэй этгээдийн босгосон юуны ч хамаагүй шавар хөшөөнүүд энд тэндгүй "гэрэлтдэг" болох нь ээ.
Малгай тавьбал манайх гэдэг шиг хөшөө босговол "тэр хүнийх" л болно биз. Ийнхүү Ц.Анандбазар айрагны хөшөөгөөр өөрийгөө тунхаглаж буй хэрэг. Жорлонгийн нээлт хийх нь холгүй явдаг төрийн түшээдэд өөр хийх юм олдохгүй зовж байгаа нь мэдээж.
Мөнгөө чулуунд цутгаж явдаг энэ цагийн эгэлгүй баячуудыг ард түмэн сонгууль болгоноор угжсан юм. Эргээд тэд ийм л зүйл бүтээж өгнө. Өөрийн хөрөнгөөр хийсэн байх эсэх нь хамаагүй, тэр бол төрд төлөөлж буй хүн. Монголын парламентын зарим гишүүдэд ямар ч "болгоомжлол" байхгүй. Ичих нүүр ч байхгүй.
Айрагны хөшөө нь "архиа бага ууж, айргаа тааваараа ууя" гэсэн бичигтэй юм. Энэ үг бол олны дунд хөшөө дурсгалаас илүү нэгэнт "амны уншлага" болчихсон зүйл. Гэтэл энэ үгийг бичихийн тулд "бяцхан шавар бунхан" хийж явах санаа хаанаасаа төрдөг байна даа.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)