Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Лукаш Яничек, тус улсын Үндэсний музейн захирал Михал Лукеш нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Соёлын сайд Ч.Номин Соёлын яам дахин байгуулагдсанаар Монгол Улсын соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тэр дундаа Монголын соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлан таниулах чиглэлд ач холбогдол өгөн ажиллаж байгаа талаар дурдлаа. Энэ хүрээнд Монгол Улсын музейн хөгжилд анхаарах, гадаад улсын музейтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний жишээ нь 2023 оны 10-р сард Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо дэлгэгдэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” сэдэвт үзэсгэлэнг толилуулах болсон.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Олон улсын монголч эрдэмтний XII хуралд оролцсон Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний музейн захирал Михал Лукеш Соёлын яаманд хүлээн авч уулзсан Соёлын сайд Ч.Номинд талархал илэрхийлэхийн зэрэгцээ БНФУ-ын Нант хотноо дэлгэгдэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” сэдэвт үзэсгэлэн болон Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Чех улсын Үндэсний музейд зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавилаа.
Талууд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах боломжийг судалж, ажлын хэсгийг байгуулан хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Сэтгэгдэл (1)