Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ жилийн өвөл өмнөх жилүүдээс илүү онцлогтой. Уг нь сайн тоглож чадвал “хожил” эрт ирэх юм. 2024 оны сонгуулийн улаан зураасыг “утаа бууруулсан” нэрээр даваад гарах хүсэл хэний ч дотор төрөх нь мэдээж.
Явсан нохой яс зуудаг гэгчийн үлгэрээр, “суусан сайд нүүрс зуудаг” нь жам ёсны хэрэг болжээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үйлдвэр барих нэрээр иргэд дээр нүүрсний туршилт хийх нь тодорхой болсон. Бүр баталчихсан. Ган хайлуулдаг нүүрс түлтэл олон жилийн нүүрийг үзсэн хэдэн муу зуух, яндан хайлаад дуусах юм биш байгаа даа. Эл туршилт бүтэлгүйтвэл түүнд түшмэлийн зөөлөн суудал дахиж олдохгүй л болов уу. Гэвч гараад очиход нь тосоод авах цементэн өргөө түүнд бий.
2008 оноос хойш өнөөдрийг хүртэл төсөвлөж, захиран зарцуулсан мөнгө их тэрбумыг даваад “арилж өгсөн”.
Утаа бууруулахын тулд дарга нар амаараа утаа хаятал ярьж, сүүжээ цоортол суусныг энэ жилүүд нотолно. Тортогтоо баригдсан гэрүүд нотолно. Угаартаж эндсэн бүрлээчдийн шарил нотолно. Нүүрсний туршилт эхэлснээс хойш хатуухан хэлэхэд оршуулгын газрын чулуу л нэмэгдсэн байх.
177.5 тэрбумаар урд хөршөөс нүүрс зөөж, иргэдийн зуухыг 45 хоног галлаад дахиад урд хөршийнхөө угжны хурга шиг тэргээ түрээд очих уу. Үйлдвэр ч үгүй атлаа “бүдүүн зүрхтэй”.
Эртнээс төлөвлөж бус цагийг нь тулгаж байгаад “тамгалдаг” дарга нарын башир арга үргэлжилсээр.
Энэ насаараа туршилтын туулай болж амьдрах хэцүү тавилан заяажээ.
Дөрвөн жил тутамд ямар нэгэн туршилтад орох ёстой мэт хүлээдэг хүлцэнгүй ард түмэн болон хувирсныг Б.Чойжилсүрэнгийн 45 хоногийн “хоноцын туршилт” дээрээс харж болно.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)