АНУ-руу шууд нислэг үйлдэх "Боинг 787" онгоцыг хүлээн авлаа. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үг хэлж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зам тээврийн хөгжлийн яамнаас Иргэний нисэхийн салбарт хямд тиз, хүртээмжтэй нислэг бодлог дэвшүүлж, Дэлхийн 40 гаруй улсын 150 гаруй чиглэлд нисэх боломж үүсээд байна. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлал хийх үеэр 20 гаруй жил яригдсан АНУ- руу шууд нислэг үйлдэх боломж нээгдлээ.
Гуравдагч хөрш болох АНУ-тай стратегийн түншлэлээ улам бэхжүүлж, худалдаа эдийн засаг, соёл боловсрол аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү агаарын хөлөг тэнгэрийн гүүр болно гэдэгт итгэл төгс байна. Ирэх онд АНУ-руу шууд нислэг үйлдэнэ.
Монголчууд бид агаарын хөлгийн тоогоо ийнхүү нэгээр нэмэгдүүлж, зүйрлүүлж хэлбэл холын замд гулдахгүй, зорьсон газарт саадгүй хүрэх сайн хүлэг морьтой боллоо.
Тун удахгүй хос хүлэгтэй болно. Шинэ хүлэгийн огторгуйд зорчих тэнгэр нь цэлмэг, хүн зоноо зорьсон газарт нь хүргэх буулт нь зөөлөн байх болтугай" гэв.
Д.Батчулуун