Монгол Улсын 24 дэх аварга Пүрэвийн Бүрэнтөгсийн санаачлан хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслийн 17 дахь үйл ажиллагаа 2023 оны наймдугаар сарын 08-ны өдөр Булган аймагт боллоо.
Улсын хэмжээнд буюу 21 аймгийг хамран хэрэгжиж буй уг төслийн хүрээнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн Ж.Отгонбат, Ц.Нарангарав нарт иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардуулж, энэхүү баярт явдлыг тохиолдуулан Булган аймаг дахь "Бүрэн Монгол" төслийн гишүүд хурдан дааганы уралдаан, дэмбээний тэмцээн, хүүхдийн бөхийн барилдаан, эмнэг сургах зэрэг өв уламжлалыг харуулсан уралдаануудыг зохион байгуулав.
Улсын аварга П.Бүрэнтөгс төслийг нээж хэлсэн үгэндээ, “Яг Монгол ахуй, Монгол наадмыг санагдуулсан энэ тал дээр нэгэн сайхан залуу хосыг сонгож манай төсөл хэрэгжиж байгаад хамт олны өмнөөс баярлаж буйгаа илэрхийлье. Бидний зорилго олон түмэн та бүгдийн ивээл дор өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаад туйлын баяртай байна. Хос залуустаа сайн сайхныг хүсэхийн ялдамд энэ бол бидний зүгээс та хоёрт өгч буй томоохон дэмжлэг, мөн олон түмэндээ үлгэр дуурайл болж явах маш том хариуцлага ногдож байна” хэмээн онцоллоо.
Ж.Отгонбатынх гурван охинтой бөгөөд туслах малчид, нийгмийн идэвх оролцоо сайтай, бусдад тусархаг, ёс заншлаа чухалчилдаг, нутаг орондоо нэр хүндтэй айл болохыг нутгийн иргэд хэлж байв.
Мөн тэд 10 гаруй жил мал маллахдаа айраг, цагаан идээгээ уламжлалт хэв маягаар бэлтгэн түгээж, өв соёл, ёс уламжлалаа дэлгэрүүлж яваа үлгэр жишээ гэр бүл юм. Тиймдээ ч ааль болоод ажил сайтай энэ айлд хүмүүс зорьж ирэн айраг уух дуртай гэнэ.
Гэрийн эзэн Ж.Отгонбат 2012 онд 032 дугаар ангид цэргийн алба хашиж байх хугацаандаа төрийн их есөн хөлт цагаан тугаа Улсын баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд залж байсан. Сонирхолтой нь, тэр жилийн наадамд улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан цолоос ес даван түрүүлж улсын арслан болсон билээ. Төрийн их бэлгэдэл болсон тугийг нэг нь залж оруулсан бол нөгөө нь түрүүлж цэнгүүлсэн энэхүү бахдам явдлаас 11 жилийн дараа аваргынхаа хишгийг хүртэж буйгаа гэрийн эзэд баясал дүүрэн ярьж байлаа. Туг сүлд, өргөө гэрээр санаандгүй холбогдсон учралын сэжмийг аварга ч мөн бэлгэшээж байв. Бэлгэ дүүрэн ерөөлтэй "Бүрэн Монгол" төслийн хүрээнд олон сонирхолтой зүйл болж байгаагийн нэг нь анхдагчдын өлгий Булган нутагт ийн таарсан юм.
Эхнэр Ц.Нарангарав нь Улаанбаатарт өсөж торнисон ч нөхрөө даган Булган нутагт мал маллан амьдарч байна. Тэрбээр өглөөнөөс орой хүртэл чөлөө завсаргүй ажиллах малчны амьдралд хэдийн дасаж, “Цагаан идээгээ янз бүрийн аргаар хийж худалдаалан амьдралдаа нэмэр болж байна даа” хэмээн даруу өгүүлэв.
Гэр гардуулах ёслолд нутгийн ард иргэд болон сумын удирдлагууд оролцож, “Бүрэн Монгол” төслийн хүрээнд сум орон нутгийн зүгээс өвөлжөөний газар, НХХЯ -ы харьяа Булган аймгийн ХХҮГ аас малжуулах төсөлд хамруулахаар болсон нь уг төслийн үйл ажиллагаа улам бүр тэлж байгааг илтгэнэ.
Зөв хандлага, зөв жишгийг нийгэмд түгээх зорилготой энэхүү үйл хэргийг нутгийн иргэд, хөдөлмөрчид онцгойлон сайшааж, дэмжиж төслийн баг хамт олонд баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа. Олон залуусын сэтгэлд гал нэмж, харцанд гэрэл нэмсэн “Бүрэн Монгол” төслийн үйл ажиллагаа ийнхүү амжилттай хэрэгжсээр байна.
Сэтгэгдэл (1)