Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хот төлөвлөгч, инженер, архитектурууд болон энэ салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ.
Улаанбаатар хотын ерөнхий архитектур асан, гавьяат барилгачин, зөвлөх архитектур Я.Шархүү:
"-Миний тооцоолсноор 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.2 сая орчимд хүрнэ. Тэгэхээр хот цаашид нутаг дэвсгэрээ тэлж хөгжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төвөөсөө 50-150 км зайтай тэлж хөгжих учиртай.
Ингэхийн тулд хөгжлөө зөвхөн хотын бус, Төв аймгийн хэмжээнд төлөвлөж, том зургаар харах хэрэгтэй байна.
Нөгөө талаас хотыг тэлээд, хөгжүүлээд хүн амын төвлөрлийг шийдэхгүй. Хүний хөгжлийн индекс, амьдралын чанарыг бусад аймагт ч дээшлүүлж байж төвлөрөл саарна" хэмээлээ.
Түүнээс гадна төвлөрлийг дагасан эрсдэлийг бууруулахад анхаарах нь чухал болохыг судлаачид онцолж байв.
Тухайлбал, хүн амаа гал түймэр, үерийн гамшгаас хамгаалахын тулд стандарт норм, хууль журмын хэрэгжилтэд хатуу хяналт тавих, эрсдэлээс сэргийлэх нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс