Долдугаар сарын 1-ний өдрөөс ахмадуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон асаргааны тэтгэмж нэмэгдэж байгаатай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр тус яамны сайд Х.Булгантуяа төсвийн тодотголын хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэв.
Тэрбээр, "Энэ оны хоёр их наяд төгрөгийн төсвийн тодотголын 90 хувь нь ХНХЯ-ны хүрээний төсөвт зарцуулагдана. 10 жилийн дараа ахмадуудын тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шийдэж байна. Нийгмийн даатгалын сангаас нийт 488 мянган иргэн тэтгэвэр авдгаас 75 орчим хувь нь буюу 361 мянган иргэн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Үүнд итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдэх ахмадууд бий. Бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэж, 168 мянган иргэний тэтгэврийн зөрүү арилах нөхцөл бүрдсэн. Тэтгэврийн доод хэмжээг 550 мянган төгрөг болгох арга хэмжээг авлаа.
496 гаруй мянган иргэний тэтгэврийг нэмэхэд нийгмийн даатгалын сангаас 194.4 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.
Түүнчлэн ирэх сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмж 325 мянга, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүнд олгох тэтгэмж мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа хүний тэтгэмж 275 мянган төгрөг болж нэмэгдэж байна" гэв.
Сэтгэгдэл (3)