УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа билээ. Уг хуулийн төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэлээр тусгах эсэх асуудал маргаан дагуулж МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцэх үед УИХ-ын дарга Г.Занданшатар Англи хэлний заалтаар Оросуудтай тохиролцсон гэдэг асуудал ярьсан гэх ташаа мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Англи хэлийг үндсэн гадаад хэлээр хуульчлах эсэхтэй холбоотой ямар асуудал яригдсан бэ?
-Боловсролын ерөнхий хуульд Монгол Улсад үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэдэг заалт орж ирсэн. Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ярилцаад дахин авч үзэхээр болсон. Мөн өнгөрсөндолоо хоногт энэ асуудлаар маргаан гараад байсан учраас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Ер нь хоёр тал болж яриад байгаа юм. Нэгдүгээрт МАН-ын бүлгийн хуралдаан дээр УИХ-ын дарга ямар нэгэн байдлаар Оросын шахалт байна гэдэг ч юмуу ийм асуудал огт яриагүй. Харин УИХ-ын дарга дэлхий нийтийн чиг хандлага нь хэлийг хуульдаа заавал тусгадаггүй юм байна гэдэг агуулгаар л ярьсан. МАН-ын бүлэг асуудлыг хоёр үндэслэлээр авч үзсэн.
1.Хуульд заавал хэлийг тусгах шаардлагагүй.Хөтөлбөрөөрөө явж болно.
Өнөөдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын баталсан сургалтын хөтөлбөрт заавал үзэх үндсэн гадаад хэл нь англи хэл байна. Бусад хэлийг сонгон суралцах хэлбэрээр үзэж болно гэсэн байдаг. Тийм учраас МАН-ын бүлэг гадаад хэлийг хөтөлбөрт зааснаар авч үзнэ гэж тусгах нь зөв гэж үзсэн. Ер нь манай улсад сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл болоод залуучуудын 70, 80 хувь нь англи хэлийг судлаад явж байгаа. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байгаа учраас харин ч англи хэлний сургалтыг эрчимжүүлэх тогтоол батлахаар болсон.
2.Монгол Улсад англи хэлнээс гадна Солонгос, Хятад, Орос, франц зэрэг 6 гадаад хэлээр үндсэн сургалт явуулдаг 20 орчим хувийн сургууль байна. Тэнд 8000 орчим хүүхэд суралцаж байна. Боловсролын ерөнхий хуульд Монгол Улсад үндсэн гадаад хэл нь англи хэл байна гээд заачихвал эдгээр сургуулиудын эрх ашиг хөндөгдөж эхэлнэ. Тиймээс бусад суралцагчдын эрх ашиг хөндөгдөх учраас заавал хуульд үндсэн гадаад хэлийг заахгүйгээр хөтөлбөрөөрөө явах нь зөв гэж үзсэн.
3.Монгол Улсад аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ.Энэ талаас нь харгалзан авч үзээд хуульд тусгахгүйгээр хөтөлбөрөөрөө англи хэлний сургалтыг голлосон хэлбэрээрээ явья гэж байгаа юм. Түүнээс биш англи хэлийг суралцуулахгүй өөр хэлийг суралцуулна гэж ярьж байгаа зүйл огт байхгүй. Ганц хуульд тусгах уу, хөтөлбөрөөрөө явах уу гэж маргаад байгаа юм. Гэтэл үүнийг сүүлийн үед нийгмийн сүлжээгээр буруу тайлбарлаж, зориуд сенсаац үүсгэх байдал гарч байнагэлээ.
Сэтгэгдэл (1)