Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Цэцийн энэ дүгнэлтийг би дэмжиж байгаа. Өнөөдрийн энэ хуурамч шатахууны асуудлыг гарган ирж хэвлэл мэдээллийн бүх сувгаар Монгол Улсад аймшгийн юм үүрлэсэн мэт ярьж байна.
Хуурамч шатахууны асуудал яг хаанаас гарч ирсэн, үүнээс болж хэчнээн машин техник эвдэрсэн талаар судалгаа байхгүй байна.
Оросын зах зээл шатахуун, тосолгоо материалын зах зээлийг Монгол Улсад нийлүүлж байгаа хэдхэн тооны хүн, компани байгаа. Бид 70 жил үүнийг эдэлж хэрэглэж ирсэн. Гэтэл энд хоёр дахь, гурав дахь зах зээлийг оруулж ирэхийг яагаад эсэргүүцээд байна вэ. Баруун Европын орнууд, түүнчлэн дундад Азийн орнуудад энэ технологийг хэрэглээд, нэвтрүүлээд өнөөдөр гаргаад ирлээ.
Нэг орны хараат байдлаас бид нар яагаад гарч болдоггүй юм. Хуурамч шатахуун гэдэг үндэслэлээр ард түмнийг айлгаж цаана нь бизнес хийдэг ийм бохир технологио болих хэрэгтэй, бид нар үүнд дүгнэлт хийх хэрэгтэй байна. Үнэхээр өнөөдөр Засгийн газар Монголын төрөөс хуурамч, хуурамч бишийг тогтоосон нэг ч баримт байхгүй байна.
Зүгээр л хар яриа л яваад байгаагаас биш энэ асуудлыг зохицуулахын тулд УИХ-ын гишүүнийхээ хувьд би хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг УИХ хэлэлцэхгүй, хэлэлцэхийг хүсэхгүй байна. Тэгээд би ШӨХТГ-т асуулт тавьсан. Надад дөрөвдүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор хариулт ирүүлж, нэг ч тийм гомдол тэмцэл ирээгүй гэсэн.
Дээр нь Монгол Улсын ЗГХЭГ-аар дамжуулж төрийн өмчит компаниудын олон техник хэрэгсэл эвдэрсэн гэдэг асуудлыг ярьдаг. Үүнийг сөхөж ярьснаас хойш үүнийг ярьсан хүн бүхнийг харлуулахыг оролдсон. Ярьсан хүн АРДЫН БААТАР үгүй бол АРДЫН ДАЙСАН болох хоёр ийм төгсгөл дээр байж байна.
Өнөдөр төрийн өмчит 100 гаруй компаниас нэг ч техник хэрэгсэл гэмтсэн гэсэн зүйл байхгүй. Мөн Нийслэлийн ЭМГ, Стандартын газарт агаарын бохирдол, эрүүл мэндтэй холбоотой нэг ч гомдол ирээгүй байна. Тэгэхээр өнөөдөр гуравдагч зах зээлийг оруулж, “хэрэглэгч хаан” гэдэг байр суурийг баримталъя. Монгол Улсын Үндсэн Хууль өнөөдөр хууль дээдлэх зарчмын хүрээнд татвар, төсөвтэй холбоотой асуудлыг Засгийн газар шийднэ гэсэн энэ зарчим алдагдсан байна, ямар нэгэн бизнест зориулж хууль гаргаж болохгүй гэсэн ийм л асуудлыг ярьсан" гэв.