УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ хууль УИХ-д өргөн баригдаад хоёр жил гаруй болж байна. Үүнийг хэлэлцэж, батлах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг бүгд ойлгож мэдэрч байна. Өргөн баригдсан хуулийн 6.7 дугаар заалттай холбоотой асуудлаар гишүүдийн хооронд байр суурь зөрүүтэй байна. Нийгэмд ч янз бүрийн ойлголт өглөө. Тийм учраас УИХ дахь МАН-ын бүлэг Боловсролын ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа асуудлаар байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага үүсэж байна" гэв. Энэ шалтгааны улмаас ажлын гурав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж, зөвшөөрөл авав.