УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн дунджаар биш таван жилийн дунджаар тогтоох тухай хуулийн төслийг өргөн бариад гурван жилийн хугацаанд зүтгэсний үр дүнд амжилтанд хүрч байна.
Гурван жилийн хугацаанд яг үүн шиг чуулганы эхэнд цаг аваад 60 гаруй удаа ярьсан. Хоёр удаа жагсаал зохион байгуулсан. Нийт 20 аймгийн 25 орчим суманд энэ талаар ярьж, уулзалт хийсэн.
Энэ хуулийг хэлэлцэх хуулиудын жагсаалтад орсныг мэдээгүй жагсаалыг зарласан. Жагсаал болох сургаар МАН энэ асуудлыг хэлэлцэж, энэ асуудлыг хэлэлцэх эсэх асуудалд оруулсан байгаа. Нийгмийн даатгалын багц хуулинд хоёр хууль орсон. Энэ хуулийг санаачлан оруулж ирсэн Сайд Х.Булгантуяа, Т.Аюурсайхан нар болон байнгын хорооны гишүүддээ талархсанаа илэрхийлье.
Энэ хуулинд бас нэг зүйл үлдчихээд байна. 2018 оноос тэтгэврээ долоон жилээр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг олго гэдэг зарчмын зөрүүтэй санал оруулсан. Энэ бол айхтар их мөнгө гарахгүй.
Тухайн үед төрдөө итгэж хамгийн өндөр шимтгэл төлсөн байгаа. Ийм харгим төр байж болохгүй.
Долоодугаар сарын 1-нээс тэтгэврээ нэмж байгаа нь, энэ хуулийг хэлэлцэж байгаа нь сайн байна. МАН-ын үед гарч буй сайн хуулиуд байна. Мөн авлига үнэртсэн хуулиуд ч байна" гэв.
Д.Батчулуун