Засгийн газрын хуралдаанаас гарасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “ICT Expo” арга хэмжээний талаар мэдээлсэн. Тус арга хэмжээнд 194 компани, 492 бүтээгдэхүүн 185 мянга гаруй иргэнд биечлэн болон давхардсан тоогоор 2.6 сая хүн цахимаар үзэж, 4.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж нийт 41 сая долларын гэрээ хэлцэл, 6.9 тэрбум төгрөгийн экспортын гэрээ хийгдсэн байна.
Энэ удаагийн экспогийн үеэр цахим сайд нарын уулазлт, форум зохион байгуулсан. Форумын үеэр 900 гаруй оролцогч оролцож нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Хувийн хэвшлийнхэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай хамтарч хийсэн уулзалтын үр дүнд дараах асуудлуудыг шийдвэрлэхээр танилцуулсан. Үүнд,
Төр цаашдаа систем хөгжүүлэхгүй. Хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг давхардуулж хийлгүй зөвхөн бодлогоо тодорхойлно.
Mindgolia.mn гээд программ хангамжийн их дэлгүүрийг байгуулсан. Энд 380 гаруй бүтээгдэхүүнийг хувийн хэвшлийнхэн тавьсан. Жил тутам 950 тэрбум төгрөгийн программ хангамжийн худалдан авалтыг төр хийдэг, том худалдан авагч хэвээр байсан ч системүүд нь хоорондоо холбогддоггүй. Үүнийг хувийн хэвшлийнхэн Mindgolia.mn дээр тавиад түүнийг нь төр худалдан авдаг эрх зүйн боломжийг нээх үүднээс Төрийн худалдан авалтын газарт Mindgolia.mn И-тендер хоёрыг холбох чиглэлийг өгсөн.
Мөн хувийн хэвшлийнхэн уул уурхайгаас оюун санааны олборолт руу шилжих чиглэлээр танилцуулсан 10 жилийн төлөвлөгөө дээр харилцаа холбооны салбар өөрөө 1.6 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг том салбар. Гэтэл мэдээлэл технологийн салбар төдийлөн борлуулалт хийж чадахгүй байна.
Тиймээс мэдээлэл технологийн салбарын ДНБ-д хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд мэдээлэл технологийн программ хангамжийн үйлдвэрлэгч нарыг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн шинэчлэл хийхээр бид ажиллаж байна. Намар гэхэд мэдээллийн технологийн салбарыг татварын бодлогоор хэрхэн дэмжих, цаашлаад Монгол Улс бусад орон шиг болох тусгай бүсийг байгуулах орчныг судалж, энэ хуулийг батлан гаргаснаараа IT чиглэлээр үйл ажиллагаа явуулах компаниудыг дэмжих чиглэлээр цааш ажиллахыг үүн дээр тусгаж өгсөн.
Бид цаашид Монгол Улсын Засгийн газраар төр, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх программ хангамжийн чиглэлийн ажлын жагсаалтыг батлуулна" гэв.