Засгийн газрын хуралдаанаас гарасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Макро эдийн засгийг тогтворжуулах тогтоолтой холбогдуулан бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог байх нөхцлийг зохион байгуулах ажлыг даалгасан. Дөрөвдүгээр сарын 6-нд анх И-Монголиагийн дэргэд И-Бизнес платформын нэг хувилбарыг нээсэн.
Энд одоогийн байдлаар давхардаагүй тоогоор нийт 17 мянга 500 хэрэглэгч хоёр сарын хугацаанд 4 сая хандалт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 14 мянга 960 үйлчилгээний хөлсөлтийг хүлээн авсан. Үүнээс 5 мянга 916 нь хуулийн этгээдийн нэр авах үйлчилгээний хүсэлт ирсэн. Системд одоогийн байдлаар нийт 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн. Энэ бол цахимаар хүсэлт их авч байна гэсэн үг.
Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Эрх сунгах, түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрөл дээр өөрчлөлт оруулах зэрэг нь үйлчилгээнд хамаарагддаг учраас нийт 670 үйлчилгээ одоо бүртгэгдсэн байна гэсэн үг. Цахимаар компанийнхаа нэрийг шүүгээд цахимаар тоон гарын үсэг уншуулж хүсэлт илгээгээд шуудангийн хаягаар гэрт нь ирдэг. Гэтэл иргэд заавал цаасаар хэвлээд үнэт цаас маягаар буцаагаад ирэх шаадрлага байхгүй гэж санал хүсэлтээ илгээдэг ч хуулиндаа заавал цаасаар, бичгийн хэлбэрээр очих ёстой гэж заасан байдаг.
Зөвшөөрөл заавал бичгээр, үнэт цаасаар очдог биш, зөвшөөрлөө цахимаар хүсэхэд хариу нь ирээд QR код уншуулж зөвшөөрөл авдаг, шаардлагатай нэр ус, өөрчлөлт оруулъя гэвэл цахимаар хүсэлтээ гаргадаг, энэ нь өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг байх эрх зүйн шинэчлэлийг энэ хүрээнд хийж эхэлбэл наймдугаар сарын 1-нийг гэхэд бид Зөвшөөрлийн хуульд заасан 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж, иргэд маш түргэн хугацаанд зөвшөөрөл авах бололцоотой болно" гэв.