Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилж байна. Уг шүүх хуралд нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг олонхоороо гаргасан шийдвэр буюу Засгийн газрын тогтоолоор шүүгдэж буй. Түүний шүүх хурлын үеэр хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр "2018 оноос Хөгжлийн банкны хэрэг хэлсэн юм билээ. Намайг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны энэ хэрэгт яллагдагч болгосон. Надаас юу ч асуугаагүй. 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр гэдэг бол миний амьдралын түүхэнд анх удаа яллагдагч гэх цолыг хүртсэн өдөр. Одоо болоо юм биш үү. Би 2020 онд УИХ-н гишүүн болсон. Хөгжлийн банкны хэрэгт намайг татан оруулах найман үйлдэл хийгдсэн.
Манай шинэчлэлийн Засгийн газрын үед Хөгжлийн банк сайн ажиллаж байсан. Манай Засгийн газар хичээж ажилласан шүү. 2020 он гэхэд Монголчууд минь айлаас юм гуйдаггүй, гэртээ амар тайван амьдраад, залуучууд гадагшаа явдаггүй байя гэх хөтөлбөр гаргасан. Найман жилийн хөтөлбөр гаргасан. Монголчууд шинэчлэлийн Засгийн газрыг дэмжиж үнэхээр сайхан ажилласан. Бид хэлэх үгтэй, хийсэн ажилтай шүү.
Хийсэн бүтээсэн зүйлийг нурааж болдоггүй юм. Харин гутаан доромжилж болно. Дахиж улсын төсвөөс мөнгө гаргаж Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан хоёроороо жаахан хусуулна л биз. Хусаад хусаад Хөвсгөлийн замыг хусаж чадахгүй.
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хэн нь ч нөгөөдөө нөлөөлж болохгүй. Үндсэн хууль руу халдаж байгаагаа болиоч ээ. Засгийн газрын тогтоолоор Ерөнхий сайд нь энд зогсдог ийм зүйл байж болохгүй шүү. Бид чинь жижиг ч гэсэн түүхтэй, уламжлалтай улс. Тиймээс гэмгүй хүнийг хэлмэгдүүлж болохгүй.
Ерөнхий сайд хүн яллагдагч болдог зүйл надаар ингээд дуусаг.
Ардчиллын анхны цуглаан болсон энэ газраас шударга ёс, шүүхийн шинэчлэл эхэлж, шүүхэд итгэх ард түмний итгэл сэргэнэ хэмээн найдаж байна. Үнэн зөвөөр шүүж, гэмгүй олон залуучуудыг минь цагаатгах өгөхийг хүсэж байна. БАЯРЛАЛАА” гэв.
Д.Батчулуун