Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Энэ оны төсвийн гүйцэтгэл харьцангуй нааштай гарсан. Жилийн эцсээр авч үзэхэд эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрэх, орлого 1.7 их наяд төгрөгөөр давж биелэх боломж бүрдэж байна. Нөгөө талаар инфляц 10-аас дээш хувьтай байгаа нь иргэдийн бодит орлого 5.9 хувиар буурахад нөлөөлсөн. Энэ удаагийн төсвийн тодотгол зөвхөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, айл өрхүүдийн орлогыг дэмжихэд зорьсон. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмж болон нийслэлийн түгжрэлтэй холбоотой таван асуудалд төвлөрч 1 их наяд 896 тэрбум төгрөгийн тодотголыг хийсэн.
Өнөөдөр манай улсад нийтдээ 225 мянган төрийн албан хаагч төсвөөс цалинждаг. Тэгвэл төрийн албан хаагч нарын цалингийн шатлал 42 суурь системд шилжээд, цаашид цалин болон тэтгэвэр инфляцын түвшинтэй уялдан автоматаар нэмэгдэж байх шинэчлэл хийгдэж байна. 217 мянган төрийн албан хаагч цалингийн нэмэгдэлд хамрагдах болно.
Нийт төрийн албан хаагч нарын цалин хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүсийн цалингаас 400 мянган төгрөгөөр бага байна гэдэг нь судалгаагаар гарсан. Үүнтэй холбогдуулан төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагч нарын цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг байхаар, төрийн нийтлэг үйлчилгээний салбарын цалинг 750 мянган төгрөгөөс эхлэхээр болсон" гэв.
Сэтгэгдэл (2)