Өнөөдөр УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны хурлаар 2021 оны зургадугаар сарын 24-нйи өдөр өргөн мэдүүлсэн "Боловсролын ерөнхий хууль"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Тус хуулийн нэг онцлог нь "Үндсэн гадаад хэл нь англи хэл" байхыг хуульчилж өгөх байв. Харин энэхүү заалтыг байнгын хорооны гишүүд дэмжээгүй билээ. Үүнд УИХ-ын гишүүн, төслийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Тэрбээр, "Олон нийтийн дунд Боловсролын зээлийн сантай холбоотой маргаан ид мандаж байна. Энэ зээлийг хэн авсан байна вэ. Англи хэлтэй хүүхдүүд л авсан байгаа.
Англи хэлтэй хүүхдүүд нь хэний хүүхдүүд байна вэ. Боломжтой айлын л хүүхдүүд байгаа. Гэхдээ энэ хүүхдүүдийн буруу биш. Харин манай боловсролын системийн буруу.
Ямар ч тэгш боломж алга. Ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй" гэлээ.
Мөн цахим хуудсаараа дамжуулан "Ардын хүүхдүүд англи хэл сурч болдоггүй юм уу.
Манайд боловсролын ялгарал хэрээс хэтэрч, тэгш бус байдал байсаар байгаа нь англи хэлтэй шууд холбоотой.
Боломжтой хэсэг нь тасраад дэлхийн хэмжээнд хүрсэн байхад боломжгүй хэсэг нь хүүхдүүдээ англи хэл сургаж чадахгүй байгаа. Энэ боловсролын хуулийн гол шинэчлэл, хүүхдүүддээ үлдээж байгаа өв нь Англи хэл байх ёстой гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд харж байгаа шүү" хэмээн байр сууриа илэрхийлжээ.