ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж байна.
Тэрбээр, "Хөтөлийн цементийг худалдаж авах процессийг гардан зохион байгуулсан этгээдүүд хэвлэл мэдээллээр дамжуулж, олон нийтэд буруу ойлголт өгөх компанит ажил зохион байгуулж байна. Жишээ нь төр хурааж авах үйл явцыг 7 хоногийн дотор хийсэн гэсэн байдлаар олон нийтэд ойлголт өгч байх шиг байгаа юм. Төрийн энэ том өмчийг 24 цагийн дотор хувьчилж авснаа ярихгүй байна. Энэ бүх зүйлийг ил тодорхой ярих ёстой.
Яагаад хорин дөрөвхөн цагийн дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилж авсан юм бэ, яагаад өнөөдрийн хүртэл энэ асуудал хууль хяналтын байгууллага дээр эцэслэн шийдэгдэхгүй байна вэ. Хууль хяналтын байгууллага үнэн шударгаар ажиллаж байгаа юм уу, үгүй юу гэх мэт олон асуудлыг ярих нь зүйтэй.
Саяхан ЗГХЭГ-аас томилогдсон өмгөөллийн баг хууль хяналт дээр явж байгаа байдалтай холбоотой асуудалтай танилцаж, ярилцаж, мэдээлэл авч байх үед аль болох л урт хугацаанд тус хэргийг сунжруулж, удаашруулж, магадгүй дараачийн сонгуулийн ард гартал тухайн асуудлыг хойш тавих нь луйвар хийсэн нөхдүүдэд ач холбогдолтой гэсэн байр суурьтай байх шиг байна. Энэ мэтчилэн зүйлсийг бид бүхэн өнөөдөр шийдэх ёстой.
Монголын ард түмэн уул уурхайн баялагт, байгалийн баялагтаа эзэн байх, үр шимийг нь хүртдэг байх зарчмын төлөө үүнд хатуу хандах ёстой гэж бодож байна.
Өнгөрсөн цаг хугацаанд Ерөнхий сайд ч байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Өөрийн эрх мэдэл, мэдээлэлд ойр байгаа давуу талыг ашиглаж, уул уурхайн орд газруудыг хувьчилж авах, дангаараа эзэмших байдал хавтгайрсан байна гэж үзэж байгаа.
Стратегийн гэх тодотголтой орд газруудыг нэг гэр бүл дангаараа, нэг компани дангаар зэмшдэг байдал нь байх ёстой хэр хэмжээнээсээ аль хэдийн хэтрээд явчихжээ гэж дүгнэхээр хэмжээнд байгаа.
Тийм учраас олон нийтэд зөв ойлгуулах ёстой. Монголын ард түмэн баялагтаа эзэн байхын төлөө энэ бүх хулгай, луйвартай хатуу чанд, хамт тэмцэх ёстой гэдгийг миний зүгээс илэрхийлж байна" гэв.
М.Дэвээжаргал