УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Ардчилсан намын бүлгийн хурлаар бид хоёр асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хууль хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Үүн дээр Ардчилсан намаас дэд ажлын хэсэг гарсан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг зарчмын хувьд дэмжиж оролцох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Улс төрийн намын тухай хуулийн намын дэнчин, хандив гэх зэрэг олон зүйлийн зохицуулалт Сонгуулийн хуульд тодорхой хэмжээгээр орсон. Одоо Улс төрийн намын тухай хуульд санхүүжилттэй холбоотой бүхэл бүтэн бүлэг орж байгаа. Үүн дээр бид саналаа нэгтгээд ажиллана.
Дэнчин, татвар, хураамж гээд олон зүйлийг хориглосон санхүүгийн ил тод, нээлттэй байх гэдэг зүйл заалтуудыг АН-ын бүлэг бүрэн дүүрэн дэмжиж ажиллаж байгаа. Бид энэ хуулийг өргөн барихаас өмнө Ерөнхийлөгчийн тамгын газарт 40 орчим санал хүргүүлсэн. Үүнээс цаг хугацааны хувьд шийдэгдээд 5, 6 санал нь хуулийн төсөлд тусгагдаад явж байна. Үлдсэн саналуудыг ажлын хэсэгтээ нарийвчлаад явна. Энэ хуулинд АН-ын бүлгээс санал нийлэхгүй байгаа олон зүйл заалт бий. Төлөөллийн төв байгууллагыг хэрхэн байгуулах, төрийн өндөр албан тушаал болон намын өндөр албан тушаалыг зэрэгцүүлэн хашдаг нөхцөл байдлуудыг яаж зааглаж ялгах вэ гэх мэт.
Мөн Ардчилсан Намаас гаргаж буй “Нэг Монгол” хөдөлгөөний зорилго бол Ардчилсан Намаа бүтэн болгож, Монголын ардчиллыг бүтэн болгоход хувь нэмрээ оруулъя. Тийм ч учраас УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь нэгдэж байгаа. Одоо сонгогдсон намын даргад бүрэн дүүрэн итгэл өгч, дэмжиж, шахаж ажиллая. Хамгийн гол нь нэг баг болж ажиллах гэсэн гол зорилготой. Зарим хүн Оростой холбож ойлгож байна.
Ардчилсан Нам бол маш их бутарч, хуваагддаг ийм л нам. Тиймээс намаараа нэгдэж нягтраад бүтэн болцгооё гэсэн утга бүхий нэршил.
Энэ бол тодорхой хугацаанд ажиллаж үүргээ гүйцэтгээд зогсох ёстой зүйл" гэв.