Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч БНТУ-ыг чухал гуравдагч хөрш, Европ руу гарах хамгийн чухал гарц гэж үздэгээ хэлж, түүх, соёлын холбоотой, ах дүүгийн найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөгийг тэмдэглэв.
Саяхан болж өнгөрсөн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан Рэжэп Тайип Эрдоанд дахин халуун баяр хүргэж буйг уламжлахыг хүсэв.
Улс төр, батлан хамгаалах, хууль сахиулах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгаа Монгол, Туркийн Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулахын төлөө байгааг хэлэв.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2024 онд тохиох бөгөөд түүхт ойг угтан Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
БНТУ-д оршин сууж байгаа 6,000 гаруй монгол иргэний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хар тамхи болон үндэстэн дамнасан гэмт хэргийн хохирогч, оролцогч болохоос сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатайг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн зүйлстэй санал нэг байгаагаа БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу илэрхийлэв.
Мөн хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсныг онцолж, энэ хүрээнд болон бусад асуудлаар идэвхтэй ажиллахаа хэлэв. Уулзалтын үеэр даян дэлхийн энх тайван, олон улсын нөхцөл байдал, улс төр зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.