Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Хууль баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв.
Тэрбээр "Эрх барьж байгаа нам бүхэн сонгууль болгоны өмнө өөрийн намдаа ашигтай хувилбараар Сонгуулийн тухай хуулийг өөрчилж ирсэн. Ийм практик өнгөрсөн найман удаагийн сонгуулиар давтагдсан. Энэ байдлыг засах гэж сонгуулийн санал хураалт болохоос 6 сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн жишиг тогтоосон боловч 12 сард нь дахин өөрчлөлт хийж бужигнуулсаар ирсэн. Энэ бүхэн сонгогчдын боловсролыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг хангахад тогтворгүй байдлыг бий болгож, гацааж, саармагжуулж ирсэн түүх бий.
Энэ удаагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр дээрх асуудлыг нэг мөр цэгцэлж чадлаа. Монгол Улсыг байнга хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, хагаралдуулсан байдалд байлгахыг хүсдэг олон эрх ашгууд байна. Гагцхүү үүнд авталгүй, нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харж, улс төрийн намууд нэгдмэл санаа зорилготой Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.
Бид өөрсдөд ирэх шүүмжлэл, өрөөлөөс ирэх дайралтад бэргэж болохгүй.
УИХ дахь хоёр намын бүлгийн гишүүдийн гаргасан саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намуудын үзэл бодлыг тусгаж баталлаа. Үндсэн хуулийг араг яс нь гэж зүйрлэх юм бол УИХ-ын сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулиудад нийтийн эрх ашгийн төлөөх өөрчлөлтүүд тусгалаа олсноор булчин шөрмөс нь жигдэрч, амьд организм болж бэхжих юм.
Цаашид эрх баригч нам бүр өөрсдийн эрх ашгийн төлөө Сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал үүгээр дуусгавар болж байна. УИХ-ын сонгуулийн тухай хууль 30 жил тогтвортой мөрдөгдөх ёстой гэдгийг онцлон тэмдэглэе.
Энэхүү хуулийг батлахад үзэл бодол, санал бодлоо нэгтгэж, нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажилласан бүх гишүүд ажлын хэсэгт талархал илэрхийлье" гэв.