Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход 25 хоног үлдлээ. Бөхдөө хайртай монгол түмэн энэ өдрүүдэд баяр наадмын түрүү бөхийг таамаглан суугаа болов уу. Улсын баяр наадмын 102 жилийн түүхийн хугацаанд Туулай жилийн наадам найман удаа тохиожээ. Туулай жилийн наадамд аварга цолтой болон хожмын аварга цолтонгууд түрүү авсан байна. Аваргуудад ээлтэй жил. Туулай жилд түрүүлсэн бөхчүүд аваргаас доош цолгүй ба хамгийн бага түрүүтэй нь Ж.Цэвээравдан, С.Мөнхбат (тус бүр нэг түрүүлсэн) нар бол энэ жилд түрүүлсэн бөхчүүдээс хамгийн олон түрүүтэй нь Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар билээ.
1927 оны Туулай жилийн ууган наадамд Архангай аймгийн Цахир сумын харьяат, даян аварга Н.Жамъян хоёр дахь түрүүгээ хүртэж байв. Тэрээр өмнөх жил нь 10 даван түрүүлж, аварга цолтой болсон юм. “Буур” хэмээх Н.Жамъян аварга нь Улсын наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэж, 11 удаа шөвгөрсөн энгүй хүчтэн байлаа.
1939 оны Туулай жилийн наадамд Булган аймгийн Хангал сумын залуу бөх Б.Түвдэндорж ес даван түрүүлж, улсын арслан цол хүртэж байв. Энэ мөчөөс түүнийг Залуу жанжин Ж.Лхагвасүрэн, нэрт удирдагч Х.Чойбалсангийн бөх хэмээн алдарших болсон. Тэр анхны дархан аварга бөгөөд Улсын баяр наадамдаа нийт долоо түрүүлсэн юм.
1951 оны Туулай жилийн наадамд Уйлган голын хөндийгөөс улс орон даяар нэр алдраа дуурсгасан Хоймор нутгийн гурван аваргын нэг Ж.Цэвээнравдан эхний бөгөөд эцсийн түрүүгээ хүртэж байв. Ж.Цэвээнравдан аварга 1945 онд Х.Чойлбалсангийн бөхөд тахим өгч үзүүрлэн улсын арслан цол хүртэж байж. Наадамд зодоглохоор гарах гэж буй бөхчүүдийн дунд Ж.Цэвээнравдан аварга олон хүрэн тэмээн дунд буй ширээ цагаан ат шиг харагддаг байлаа.
1963 оны Туулай жилийн наадамд “хоёр мөнх”-ийн нэг гэгдэх дархан аварга Ж.Мөнхбат анхны түрүүгээ хүртэж, арслан цолтой болжээ. Үүнээс хойш наадамд дараалан дөрөв түрүүлж, дархан аварга цолонд хүрсэн энгүй хүчтэн. Олимпын анхны мөнгөн медальт Ж.Мөнхбат аварга нь Улсын наадамд нийт 23 удаа шөвгөрч бүх цаг үеийн гуравт, Цагаан сарын барилдаанд зургаа түрүүлж мөн гуравт бичигдэнэ.
1975, 1987 оны Туулай жилийн наадамд Х.Баянмөнх Улсын наадмын тав болон 10 дахь түрүүгээ авчээ. Туулай жилд хоёр түрүүлсэн бөх түүнээс өөр үгүй ба Улсын наадмын түрүүг хоёр оронтоо тоонд анх хүргэсэн тэрбээр хамгийн олон шөвгөрсөн бөх юм. Мөн хамгийн өндөр настай (43)-даа улсын наадамд түрүүлсэн Х.Баянмөнх нь 1992 оны наадмаар 48 настайдаа зургаа давж Бүхнээ сонсголт чимэг авч байжээ.
1999 оны отгон Туулай жилийн наадамд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 12 (Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилтыг багтаав) дахь буюу хамгийн сүүлчийн түрүүгээ хүртэж, XX зууны хамгийн отгон наадмын түрүүг авсан содон амжилтын эзэн. Мөн Улсын наадамд хамгийн олон түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Туулай жилд улсын заан цол авсан бол 2011 оны Туулай жилийн наадмаар зодоглоогүй юм. Ардын хувьсгалын тэгш ойн наадмын түрүүг авах боломжоо Сүхбат нэртэй хоёр эрхэмд алдсан нь бас сонин.
2011 оны буюу XXI зууны ууган Туулай жилийн наадамд С.Мөнхбат 10 даван түрүүлж, аварга цол хүртэв. Түүхт 90 жилийн ойн түрүү бөх С.Мөнхбат нь 1024 бөхийн манлай болох замдаа хожмын аварга болох Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр давсан. Улсын наадамд 10 удаа шөвгөрсөн бөгөөд түүний завсаргүй шөвгөрсөн амжилтыг тасалсан цор ганц бөх нь аварга П.Бүрэнтөгс юм.
Туулай жилийн наадамд аварга болоогүй нь аварга болж, аварга цолтой нь түрүүгээ ахиулдаг байна. Хачирхалтай нь Туулай жилийн наадмаар цагийг эзэслэн “Зургаан залуу заан”-аас аль нь ч түрүү аваагүй. Туулай жилийн наадам нийм найман удаа болоход түрүү булаалдсан бөхчүүд нь мөн аварга, арслан цолтонгууд байх юм.
А.Болдбаатар