Бүгд Найрамдах Киргиз Улсын ерөнхийлөгч Садыр Жапаров манай улсад долдугаар сарын эхээр албан ёсны айлчлал хийхээр болсныг эх сурвалж мэдээлэв. Айлчлалын үеэр Монгол Улсад Киргиз Улсын ЭСЯ-ыг нээх, шууд нислэгийг сэргээх, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.
Монгол Улс Киргиз Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын иргэд 90 хоног харилцан визгүй зорчих хэлэлцээртэй. Тус улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын ЭСЯ-ыг 2017 онд нээжээ. Харин Киргизийн тал Бээжингээс хавсран суудаг байна.
1993, 2002 онд Ерөнхийлөгч А.Акаев манай улсад айлчилж байсан бол Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев 2023 оны тавдугаар сард албан ёсны айлчлал хийсэн юм.