ЮНЕСКО-ын ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (IISNC), Нүүдэлчдийн судалгааны комисс (Commission on Nomadic Peoples), Монгол Улсын Их Сургууль, Монгол Судлалын Хүрээлэн, Монголын антропологийн холбоо, Виннипегийн Их Сургууль, Оксфордын Их Сургууль, ЮНЕСКО хамтран "Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зургадугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар ЮНЕСКО-ын ивээл дор НСИСОУХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан С.Мижид ярихдаа, "Тус хурлаар нэгдүгээрт нүүдэлчид гэх хүмүүсийн ёс зүй, ёс суртахууныг нээн судлах, хоёрдугаарт нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцолд ямар хувь нэмэр оруулсныг судлан шинжлэх юм.
Түүнчлэн хурлын үр дүнд нүүдэлчдийн ёс зүйг тухайн соёлын орчинд, итгэл үнэмшлийн хүрээнд, амьдрал дээр хэрэгжиж буй байдал, онолын түвшинд авч үзэж, Дотоод Ази төдийгүй даян дэлхийд нүүдлийн нийгэм соёлыг хэрхэн өөрчилж, бүтээж, дахин зохион байгуулж институтчилж байгаа тухай мэдлэг бий болгоно.
Мөн энэхүү эрдэм шинжилгээний хурлаар:
- Нүүдлийн соёл бүхий улс оронд ёс зүй, ёс суртахууныг хэрхэн ойлгодог талаар нэгдсэн мэдлэг ойлголт бий болгох,
- Нийгмийн тэгш байдлыг хангах, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд нүүдлийн соёлын ёс зүй ямар хувь нэмэр оруулсан талаар судалж, баримтжуулах,
- Социализм болон колоничлолын дараах улс орнуудад ёс зүйг хэрхэн дахин тодорхойлж, ёс суртахууныг хэрхэн дахин бүтээж байгааг судалгаа шинжилгээнд тулгуурлан баримтжуулах,
- Хүний эрхэд суурилсан ёс зүй, ёс суртахууны тухай олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Соёл иргэншил, ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи, материаллаг баялаг гээд олон шинэ зүйлийг сонирхож буй, мөн суралцаж гүнзгийрүүлэх хүсэлтэй хүн бүр энэхүү хуралд өргөнөөр оролцох боломжтой" гэв.
Хурлын үндсэн илтгэгчдээр:
- Доун Чатти, Оксфордын Их сургуулийн хүндэт профессор
- Дэвид Снийт, Кембрижийн Их сургуулийн профессор
- Д.Бум-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх нар илтгэл хэлэлцүүлэх ажээ. Хурал МУИС-ийн Номын сангийн байрын 304 тоот болон 202, 203, 502 тоот танхимд 09:00-18:00 цагийн хооронд болох юм.
Энэхүү хурлыг тохиолдуулан зургадугаар сарын 23-ны 18:00 цагаас Монголын Уран зургийн галлерейд “ГАРВАЛ” үзэсгэлэн дэлгэгдэнэ. Уг үзэсгэлэнгээр залуу уран бүтээлчдийг уламжлалт соёл, эртний мэргэн ухааныг хослуулсан уламжлал ба орчин үеийн нарийн огтлолцол бүхий уран бүтээлтэй танилцах болно. Мөн оюун санаа, соёлын гүн залгамж чанар, нүүдэлчдийн амьдралын хэв маягийн эрч хүчийг мэдрэх боломжтой. Энэхүү үзэсгэлэнг Буриадын Амгалан Ринчинэ ба Киргизстаны Ынтымак Абдылдаев дэглэнэ.
Гэрэл зургийг Д.Баттулга