Сүүлийн үед Монгол Улсын гадаад харилцаа идэвхтэй өрнөж байна. Гадаадын төр засгийн удирдлагуудын айлчлалуудаас гадна олон улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүд манай улсад зохион байгуулагдаж буй. Үүний нэг болох “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай ярилцлаа.
-Энэ онд Гадаад харилцааны яам хэдэн айлчлал, арга хэмжээг зохион байгуулаад байна вэ?
-Он гарсаар Гадаад харилцааны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын түвшинд 10 гаруй улсад айлчлал хийж, Монгол Улсад гадаадын төдий тооны улсын төлөөлөгчдийг хүлээн авч ажиллалаа. Энэ сард л гэхэд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал, Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт, Зүүн хойд Ази дахь эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг дэмжих асуудлаарх бүс нутгийн семинар зэрэг олон улсын томоохон арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна.
-Зүүн хойд Азийн бүс нутагтай холбоотой хоёр ч арга хэмжээ энэ сард болох юм байна. Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийг чухалчлан анхаарах ямар шалтгаан байдаг вэ?
-Зүүн, баруун зүгт тогтсон өргөн уудам газар нутагтай манай улсын дамнан оршдог Зүүн хойд Ази, Төв Азийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчны асуудал нь бидний хувьд нэн чухал байдаг.
Дэлхийн хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлж, ирээдүйн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх боломжтой гэж дипломатчид, судлаачдын үздэг Зүүн хойд Азийн бүс нутагт улс гүрнүүдийн ашиг сонирхол, геополитикийн зөрчилдөөн, газар нутгийн маргаан, үл итгэлцлээс үүдэлтэй аюулгүй байдлын аюул занал амь бөхтэй оршиж, уламжлалт болон уламжлалт бус сорилтууд тулгарсаар ирсэн. Цөмийн зэвсэг гэх мэт олон хүнд хэцүү асуудал ч эл бүс нутагт бий. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОХУ, АНУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон Улсын дипломатуудын 2003 онд Бээжин хотноо эхлүүлсэн зургаан талт яриа хэлэлцээ мухардмал байдалд орсон.
Монгол Улс Зүүн хойд Азийн бүх улс, түүний дотор БНСУ, БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаатай учир эл бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгт энх тайван цоглооход хувь нэмрээ оруулж чадна гэж үздэг. Энэ нь манай улсын энхийг эрхэмлэгч, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой маань нийцэж байгаа учир “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн юм.
-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаар товч танилцуулахгүй юу?
-Манай ахмад үеийн дипломатчид Хүйтэн дайны тэртээх 1980-аад оноос эхлэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизм байгуулах олон санаачилга дэвшүүлж байсан. Монгол Улс 2001 онд Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа хэлэлцээний механизм байгуулах тухай санаачилга дэвшүүлж, 2003 онд асуудлыг дахин хөндсөн боловч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжээгүй. Мөн 2008 онд “Төв Ази, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын ирээдүй: Шинэ Хельсинк” сэдэвт олон улсын бага хурал, 2009, 2012 онуудад Умард Солонгос-Японы харилцааг хэвийн болгох асуудал эрхэлсэн хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах зэргээр энэ чиглэлд багагүй хүч чармайлт тавьж ажилласан. Улмаар манай улс 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн юм.
-Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын талаар товчхон танилцуулбал?
-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд манай улс 2014 оноос хойш Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлыг долоон удаа зохион байгуулаад байна. Жил бүрийн зургадугаар сард зохион байгуулдаг уг бага хурал нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг явуулах уламжлалт тавцан болж, бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далайн бүс нутаг, Хойд Америк, Европын орнуудын төлөөлөгчид оролцдог уламжлал тогтсон. Ковид-19 цар тахлын улмаас 2020, 2021 онуудад хоёр жил завсарласны дараагаар өнгөрсөн 2022 онд бид долдугаар бага хурлыг танхимын болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. Найм дахь удаагийн бага хурлыг энэ сарын 15–16-ны өдрүүдэд зохион байгуулна.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь бүс нутагт өрнөж буй яриа хэлэлцээний бусад механизмаас хэлэлцэх асуудлын хамрах хүрээ, оролцогчдын төлөөллийн хувьд онцлогтой. Тухайлбал, яриа хэлэлцээг мухардмал байдалд орохоос сэргийлж, албан бус нөхцөлд илэн далангүй санал бодлоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх үүднээс хэлэлцүүлгийг албан ёсны төлөөлөгчдийн нэгдүгээр суваг болон эрдэмтэн судлаачдын түвшний хоёрдугаар сувгийг хослуулан 1.5 гэсэн хэлбэрээр явуулдаг.
-Умард Солонгосын зүгээс сүүлийн үед хэд хэдэн удаагийн пуужингийн туршилт хийлээ. Асуудал ийм байхад Зүүн хойд Азид энх тайван тогтоох ирээдүй бидэнд харагдаж байна уу?
-Өнөөгийн олон улсын харилцааны ээдрээтэй нөхцөл байдалд манай улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогынхоо үндсэн зарчмын хүрээнд тэнцвэртэй гадаад бодлогыг тууштай баримтлан ажиллаж, аль нэг улсын эрх ашгийг давуу тавихгүй, аль нэг улсыг буланд шахахгүй, аливаа сөргөлдөөнийг зөвхөн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг юу юунаас илүүд үзэж байна. Дипломат үйл хэргийн нэг онцлог бол хичнээн хурцадмал, зөрчилдөөнтэй хүнд хэцүү цагт ч бид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх замыг ямагт эрэлхийлэх нь чухал байдаг.
Бид олон улсын яриа хэлэлцээнд Умард Солонгосын оролцоог хангах нь тус улсыг тусгаарлагдмал байдалд оруулахаас илүү үр дүнтэй гэж үздэг. Зургаан талт хэлэлцээ мухардалд орж, яриа хэлэлцээний суваг хаагдсан энэ үед энэхүү бодлогын чиг шугамыг тууштай баримталж ирсэн маань өнгөрсөн хугацаанд биднийг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг эхлүүлэхэд хөтөлсөн. Бүс нутгийн орнууд ч манай санаачилгыг ихээхэн дэмжих болсон.
-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын наймдугаар бага хуралд Умард Солонгосоос төлөөлөгч оролцох уу?
-Бид Зүүн хойд Азийн орны нэг болох БНАСАУ-д тус бага хурлын урилгыг хүргүүлсэн байгаа. Бага хуралд оролцох үүд хаалга тэдэнд үргэлж нээлттэй. БНАСАУ-ын хувьд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь байр сууриа илэрхийлэх, дэлхий ертөнцөд дуу хоолойгоо хүргэх чухал индэр төдийгүй бусад орнуудтай санал бодлоо солилцох аятай боломж юм.
-Энэ жилийн бага хурал ямар сэдвийн хүрээнд болох вэ. Өмнөх жилүүдийн хурлаас ялгагдах онцлог нь юу вэ?
-Энэ онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, сорилт, ололтыг дүгнэж, ирэх 10 жилээ төлөвлөх бага хурал болно. Сүүлийн таван жилд албан ёсны нэгдүгээр суваг болон эрдэмтэн судлаачдын түвшний хоёрдугаар сувгийг хослуулсан 1.5 сувгаар бага хурлыг зохион байгуулж ирснийг ч дүгнэж үзнэ.
Зүүн хойд Азийн орнуудаас гадна Нидерланд, Франц, Британи, Эстони, Филиппин, Казахстан зэрэг 20 гаруй улс, олон улсын байгууллага, судалгааны төвүүдийн 150 орчим төлөөлөгч уг арга хэмжээнд оролцохоо нотлоод байна. Мөн НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу ирж оролцоно. НҮБ өндөр түвшинд анх удаа оролцохоор болж байгаа нь тус бага хуралд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл юм.
Энэ удаагийн бага хурлаар “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй”, “Зүүн хойд Ази дахь цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” гэсэн үндсэн 5 салбар хуралдааныг зохион байгуулна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.НАНДИН