Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр, "Юуны өмнө шинэ 30 жилийн реформыг дэмжсэн УИХ-д талархсанаа илэрхийлье. Системийн авлигыг бүхэлд нь халах 5Ш ажиллагаа, Боомтын сэргэлтийн эдийн засагт нөлөөлсөн таатай үр дүн гарч байна. Тухайлбал манай улсын эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ бол хоосон тоо биш. Эдийн засгийн өсөлтийн нэг хувь нь ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг.
Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелсэн. Оны эцэс гэхэд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Мөн нэг хүнд ногдох ДНБ түүхэндээ анх удаа 5,000 ам.долларт хүрсэн.
Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан. Тэгвэл энэ удаа төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байна. Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсөв давж биелсэн нь энэ хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг.
Түүнчлэн өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдэг. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөртөө өршөөл үзүүлдэг гашуун түүхийг мартаж бас давтаж болохгүй.
МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)