Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Тавантолгой" ХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчдийн тайланг сонсож, компанийн гүйцэтгэх захирал сонгох талаар шийдвэр гаргасныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр "Бүрэн эрхт төлөөлөгчийн тайланд Тавантолгой ХК нь олборлолтын болон борлуулалтын үйл ажиллагаа явуулахдаа нээлтэй, ил тод явуулах горимыг алдагдуулсан гэх дүгнэлт гарсан. Тухайн жилд нийт олсон ашгийн 98 хувийг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хэлбэрээр тарааж байсан учраас компанид хөрөнгө оруулалт хийгдээгүй гэж үзсэн.
"Эрдэнэс Тавантолгой" ХК болон жижиг "Тавантолгой" ХК хоорондын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас хэтэрч олборлолтод өртсөн 340 мянган тонн нүүрсийг эцэслэн шийдвэрлээгүй зогсонги байдалд орсон байсан. Тэгвэл бүрэн эрхт төлөөлөгч очиж ажилласнаар дээрх асуудлыг шийдвэрлэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-д төлөх ёстой байсан 48 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан. "Тавантолгой" ХК нь хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани учир хувьцаа эзэмшигчдэд ашгаасаа ногдол ашиг тараах ёстой. Он гарсаар 140 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараасан байна.
Хоёр бүрэн эрхт төлөөлөгчийн хугацаа дууссантай холбогдуулан тус комданиудыг удирдах гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж, мэргэжлийн хүн томилохыг нэр бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон" гэлээ.