Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 11-ий өдрийн хуралдаанаар өмнөх дарга Д.Жаргалсайхан ажлаасаа чөлөөлөгдсөн.
Улмаар Төрийн албаны зөвлөлөөс ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны даргын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сард зарлахад дөрвөн хүн нэр дэвшсэн боловч шаардлага хангасан хүн байгаагүй юм.
Улмаар сонгон шалгаруулалтыг дахин зарласан ба зургадугаар сарын 9-14-ний хугацаанд бүртгэл явагдах юм байна. Эргэн сануулахад өмнөх сонгон шалгаруулалтад БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга асан Б.Баттүшиг, БТСУХ-ны дарга асан Д.Жаргалсайхан нарын дөрвөн эрхэм сонгон шалгаруулалтад оролцох материалаа бүрдүүлэн өгч байв.
Гэвч тэдний хэн нь ч шаардлага хангаагүй билээ. БТСУХ-ны өмнөх удирдлага ажлаа өгөөд зургаан сартай золгож байгаа бөгөөд зуны олимпын наадамд хаяанд ирсэн хариуцлагатай мөчлөгт спорт хариуцсан төв байгууллага нь эзэнгүй байгаа нь нэн харамсалтай хэрэг.