Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинжлэх ухааны салбарынхантай уулзаж буй "Өглөөний уулзалт” үргэлжилж байна. Уулзалтын үеэр, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, хүрээлэнгүүд ТӨК, ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг хүслээ. Тухайлбал, төрийн өмчит уурхайнууд ТЭЗҮ хийлгэх тендер зарладаг. Үүнд оролцох гэхээр Тендерийн хуулиар зааг тогтоочихдог, арилжааны банканд дансгүй зэрэг нөлөөлдөг байна.
Хими, химийн технологийн захирал Л.Жаргалсайхан "Манайх 10 лабораторитай. Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа.
Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна.
Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь санхүүжилттэй болсон. Энэ маш чухал" гэлээ.
Харин Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн секторын эрхлэгч Т.Атарсайхан, "Дарханы замаар явж ирлээ, зам сайхан болжээ.
Манай сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Хүний нөөцийн бодлого алдагдсан. Төр бодлогоор залгамж халаа бэлдмээр байна.
Бид улаанбуудайн үрийн 40 хувийг үйлдвэрлэдэг, 100 хувь дотоодоос үр боловсруулахад тоног төхөөрөмж шаардлагатай байна" хэмээн онцоллоо. Шинжлэх ухааныг дэмжиж, хөгжүүлэх нь улс орны хөгжлийн хамгийн чухал суурь билээ. Тиймээс энэхүү уулзалт үр дүнгээ өгч олон сайн үр дагавар гарах цагт хөгжил цэцэглэлт илүү ихээр дэлгэрэх билээ.