Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлэв.
Хөөр баяраар бялхаж байдаг хүүхэд багачуудынхаа айдасгүй амьдрах эрх, сурч боловсрох эрх, эрүүл энх өсөж торних эрх, тоглож наадах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бататган хамгаалах нь томчууд бидний эрхэм дээд үүрэг, хариуцлага юм.
Хүүхэд бүр сониуч зан, уран сэтгэмж, оюун ухаанаа хөгжүүлэх чанартай боловсрол эзэмших эрхтэй. Мөн эрүүл энх өсөн торниход нь зөв хооллолт, цэвэр ус, эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй орчин хамгаас чухал. Хүүхдийн нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, зан чанар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх дэлхий нийтийн хэл бол тоглоом.
Хүүхэд, багачуудынхаа сурах, хөгжих хүслийг дэмжин туслах, тэдний эрхийг сахин хамгаалж, стандартын шаардлагад нийцсэн эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг бүрдүүлэх нь бүх аав ээжүүд, нийгмийн гишүүд, төр засгийн хамтын зорилт юм.
Хүүхдийн эрхийг хамгаална, тэднийг дэмжинэ гэдэг нь бид ирээдүйгээ дархалж буй хэрэг.
Уламжлалаа шинэчлэлтэй хослуулж, монгол хүн бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, баялаг бүтээгч, сэтгэлийн боловсролтой, үндэсний хэл, соёлоо дээдэлдэг, аз жаргалтай, журамт иргэн болгон төлөвшүүлэх нь Та бидний хамтын зорилго билээ.
Монгол Улсын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа болон тэдний аав ээж, гэр бүлийнхэнд нь Хүүхдийн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхны дээдийг ерөөе.