ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2023 оны улсын төсөвт тодотгол хийх төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 2022 оны намар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн, гадаад өрийн дарамт тулгамдсан. Иймд валютын нөөц нэмэгдүүлэх, уул уурхайн экспортын биет бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, орлогыг сайжруулах, татварыг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Үүний үр дүнд 2023 оны эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй байна гэсэн дүр зураг гарлаа. Энэ нь Азидаа тэргүүлэх, өндөр хэмжээний өсөлт юм. Иймд төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн халамжийн хэсэгт багтаж буй иргэдэд өгөх дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх боломжтой боллоо. Түүнчлэн төрийн албаны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг хялбаршуулах зохицуулалт хийнэ" гэв.