УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр болж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар бид ноднингоос хойш ард иргэдтэйгээ дөрвөн удаагийн уулзалт хийсэн. Ард иргэдийн хувьд буруу зөрүү гээд байгаа юм алга. Ард түмний амдрал ядуураад, үнэ өсөөд байна. Түүнийгээ л гаргаж тавиад байна.
Ардчилсан нам гишүүдийн тоог өсгөөд 126 болгосон юм шиг ярьж байна. Ардчилсан нам 50х40 харьцаан дээрээ байгаа. Тогтолцооны өөрчлөлт хийгдэнэ. Маш том өөрчлөлт хийгдэнэ. Үүний ард дэвшлийг хүлээж байгаа.
Хулгай хийхээ болиод системийн авлигаа задлаад нураагаад хаяхад болно. Нүүрсний түр хороо ажиллахад маш богино хугацаанд төсвийн орлого 1 их наядаар давж биелэлээ. Үр дүнд нь 2023 оны төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгөө бүгдэд ялгаваргүй өгч, цалин, тэтгэвэр нэмэхээр болоод сууж байна.
Сонгуулийн холимог тогтолцоог Ардчилсан нам анхнаасаа дэмжсээр ирсэн. Сонгогчийн санал гээгдэхгүй, хүн бүрийн санал тусч байх ёстой. Жагсаалтад мэргэжлийн хуульчдаа оруулж ир, тариаланч ногоочдын төлөөлөл, багш эмч нарын төлөөллөөс заавал нэг, нэгийг оруулж ир. Амлалтдаа хүрэхгүй, хулгайч нараа жагсаалтад оруулбал сонгогчид саналаа битгий өг" гэв.
Д.Батчулуун