УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцож байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан үг хэлж, иргэдийн саналыг уламжиллаа.
Тэрбээр, “Иргэд сонгогчидтой уулзлаа. Нэг л зүйлийг хэлж байна. Саяхан ирэхдээ Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийгээд дордуулсан долоон заалтыг авчихсан, одоо бид нар найман жил үүнд гар хүрэх эрхгүй болсон гээд яриад байгаагүй билүү. Дахиад юун 152 гишүүнтэй болгоно гээд байгаа юм бэ гээд энэ тоог зөвшөөрөөгүй. Тэгээд цаашид энэ Үндсэн хууль, эцэг хуулиараа оролдоод байх уу, дараа нь дахиад нэг юм орхичихсон байна, нэг зүйлийг өөрчлөх шаардлагатай байна гэхгүй байх баталгаа юу байна гэж асуусан. Үндсэн хуулиараа дахин дахин оролдож байгаад энэ улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, төрийн тогтолцоогоо та нар эвдчих вий дээ. Үндсэн хуулийн хямрал руу явчих вий дээ. Үүнийг анхаараарай гэж онцгой захисан.
Хэрэв тооны бэлгэдэл яриад байгаа юм бол, улс орноо гэр орон гэж үзэж байгаа бол тэгээд унийнхаа бэлгэдлээр 88 болго. Эсвэл тэр шүтлэгтэйгээ холбоод 99 болго. Түүнээс дээш болгомоор байвал үндэслэлээ сайн яриарай. Гэхдээ хувь тэнцүүлсэн энэ мажоритар тогтолцоог бол дэмжиж байна гэсэн.
Нэрсийн жагсаалтаас төлөөлөл оруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл, гадаад дахь монгол иргэдийн төлөөллийг жагсаалтын эхэнд, улс төрчдөө ард нь бичээрэй гэж хэлсэн шүү.
Намын ард улс орноо тонон дээрэмдсэн нь ороод ирдэг учраас нам дугуйлахгүй, хүн дугуйлна шүү гэдэг асуудлыг сонгуулийн хуулиндаа нэлээн анхаарахыг сануулсан” гэв.