УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр болж байна. Чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр, “2024 оны төсвийн гол суурь энд явж байна. Бид өнгөрсөн жилийн төсвийг 19 их наяд гэж баталсан. Гэвч 1.9 их наяд төгрөгөөр төлөвлөлт давсан. Түүний 1.5 их наяд төгрөг нь зарцуулагдаагүй үлджээ. Тэгэхээр бид байгаагаа дайчилж чаддаггүй, боломжийг харж чаддаггүй ийм л юм хийгээд байна. Монгол Улс газар доорх баялгаараа дэлхийд эхний есд орж байна шүү дээ. 178 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Ямар боломж байна тэр боломжоо ашиглаж байж улс эх орон хөгждөг. Монгол Улсад байгалийн баялгаа ашиглах нэг л боломж байна. Баялгийн менежмент гэж юм байдаггүй. Дэлхийн зах зээлийн үнэ, бүс нутгийн зах зээлийн үнээс маш доогуур худалддаг. Тэгээд жоохон мөнгө олсноо их ажил хийж байгаа юм шиг харагдаад байдаг. Үүнийгээ засах хэрэгтэй.
Би энэ төсвийн хүрээний мэдэгдэлд орж ирж байгаа тоонуудтай санал нийлэхгүй байна. Яг энэ саналд байгаа тоонуудаар авч үзвэл 2024 онд Монгол улсын хөгжилд өөрчлөлт гарахгүй. Төсвийн орлого дээр хоёр их наяд төгрөгөөр дарж байгаа шүү дээ. Инфляцтайгаа идэгдээд дууслаа. Эдийн засгийн өсөлт 6.5 хувь гэж байгаа ч тэр нь байхгүй. Ийм тулга тойрсон юм хийхээ болих хэрэгтэй. Улс орны ирээдүйг том хар л даа. Би сүүлийн гурван жил үүнийг та нарт ярьж байна. Яагаад ийм гутранги харааад байгаа юм. Маш их боломж байгаа ч орлогоо дайчилдаггүй учраас бүтээн байгуулалт хийхгүй байна.
ДНБ-ий гурван хувь орчимтой дүйх хэмжээгээр бүтээн байгуулалт хийх юм. Хувийн хэвшил бол ашиггүй юманд хөрөнгө оруулахгүй. Нийгэмд хүлээгдсэн маш их хэмжээний арга хэмжээнүүд байна. Тэгээд тавдугаар сарын 31-нд бүх юмаа хаана гээд байдаг, 300-гаад тэрбум төгрөг ямар ч хөрөнгө оруулалтад зарцуулж чадахгүй ингээд хаягдаж байна шүү дээ.
Яг энэ оруулсан төсвөөр ирэх онд ард түмний амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй. Инфляцтай уялдуулж цалин нэмэх боломж байхгүй. Хөрөнгө оруулалт хийж чадахгүй, өрийн менежмэнтээ хийж чадахгүй. Ирэх онд 1.4 тэрбум долларын гадаад өр төлнө. Манай эдийн засгийн эхний дөрвөн сарын өсөлт 7.9 гэж байгаа ч энэ бол нүүрсний үнийн өсөлт. Бид мундаг юм хийсэндээ эдийн засгаа өсгөсөн гээд цээжээ дэлдээд байх зүйлгүй. Эдийн засгийн өсөлт бол ард түмний сайн сайхан, улс орны хөгжлийн төлөө байх ёстой. Одоо төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх гэж байна. Энэ бол өнгөрсөн жилүүдийн дутуу төлөвлөөд үлдсэн хуримтлалаараа л нэмэх гэж байгаа” гэв.