Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевтай 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, талууд Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Сайд Б.Батцэцэг хоёр улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд цаашид Киргиз Улстай хөгжүүлж буй харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол Улсад Гадаад хэргийн сайдын хувиар хийж буй энэ удаагийн айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монголын ард түмэн найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлэв.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Киргиз Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.
Монгол Улсын гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжиж хамтран ажиллах, мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр талууд санал нэгдэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чухал механизм болж буй Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг өндөрөөр үнэлж, өнгөрсөн 2022 оны 3 дугаар сард болсон IV хуралдааны протоколын хэрэгжилтийг анхаарч ажиллахаар тохиров.
Сайд Ж.Кулубаев айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Хөдөө аж ахуйн сайд А.Джаныбеков багтсаныг дурдаж, хоёр улсын хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэв.
Талууд Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэгийг сэргээх, харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй ашиглан аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгын хүрээнд Эрдэнэт хотноо байгуулах “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” төслийг сайшаан тэмдэглэж, цаашид Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар болов.
Мөн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмын тогтмолжуулж, залуу дипломатчдыг солилцох, Киргизийн Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат Академид гадаад хэлний чиглэлээрх сургалтад манай дипломат ажилтнуудыг хамруулах, киргизийн дипломат ажилтнуудыг монгол хэлээр сургах зэрэг асуудлаар ярилцав.
Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгааг талууд нотлов.
Энэхүү айлчлал нь Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын 2013 оноос хойш 10 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлал юм.
Сэтгэгдэл (1)