Засгийн газрын авлигатай тэмцэх "Шил" ажиллагааны хүрээнд 4 тусгай сан болон 9 дүүргийн үе үеийн Засаг дарга нарын өнгөрсөн 20 жилийн хугацаанд олгосон газрын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Мэдээлэл ил болгосон 4 сан:
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
Төсвийн тогтворжуулалтын сан
Ирээдүйн өв сан
Эрүүл мэндийн даатгалын сан
Тэрбээр, “ЦХХХЯ-нд харьяалагддаг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдээс авсан татварын цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх хөрөнгөөр санхүүждэг, санг удирддаг бүтэц бүрэлдэхүүнгүй, улсын төсвөөс санхүүждэггүй. 2009-2022 онд 484 хуулийн этгээдээс 47.4 тэрбум төгрөг бүрдүүлжээ. Үүнээс 2009-2022 онд алслагдсан сум, багуудад харилцаа холбооны сүлжээг оруулж, дэд бүтцийг сайжруулсан. Оператор компаниуд багуудад шилэн кабель тавихад өөрсдийн зардлаар санхүүжүүлэх боломжгүй учир энэ сангаас санхүүждэг. Өнгөрсөн хугацаанд 1639 багаас 1226-д нь харилцаа холбооны 3G, 4G сүлжээ хүргэсэн. Аймгаар нь байршил гаргаж, дэд бүтцийн мэдээллийг ил болгож, сангийн үйл ажиллагааг хянах хүрээнд нээлттэй болгож байгаа. Одоогоор улсын хэмжээнд шилэн кабельд холбогдоогүй дөрвөн сум бий. Цаашид харилцаа холбооны шинэ дэд бүтэц бий болгохыг зорьж байна” гэлээ.