Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан хэлэхэдээ, "Ерөнхий сайдын үүрэг даалгаврын дагуу Төмөр замд шалгалт хийсэн. Төмөр замын 60 хувь нь мэргэжлийн ажилчид, 40 орчим хувь нь удирдах багийн бүрэлдэхүүн байна гэсэн дүгнэлт гарсан. ЗГ-аас арга хэмжээ аваад удирдлагын багийг цомхон, илүү мэргэжлийн болгохоор зорьж байна. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газруудын тоог багасгах, үйл ажиллагааны төрлөөр нь нэгтгэх чиглэл дээр бодлого гарган ажиллаж байна. Ойрын хугацаанд шийдэгдэнэ гэж хэлж болно. Төрийн өмчит зардал нэмсэн, ач холбогдолгүй, хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох үйл ажиллагаатай газруудыг татан буулгана. Түүнчлэн орон нутгийн өмчит 108 үйлдвэрийн газар байдаг. Эдгээр газрыг 55 болгоно" гэлээ.