Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газраас төрийн үйлчилгээг сайжруулах чиглэл дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байна. Өнөөдөр хамгийн сайн, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа нь банкны салбар болсон гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Төр бас ийм жишигт хүрэхийн төлөө хичээж ажиллаж байна. Өнөөдрийн ЗГ-ын шийдвэрээр зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд ХНХЯ, түүний харьяа Хөдөлмөр халамж үйлчилгээний агентлаг, НДЕГ, мөн Төв аймгийн Шаамар сумыг загвар болгохоор ажлаа эхэлж байна. Өнөөдөр иргэн нэг асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд олон шат дамжлага дамждаг. Энэ бол маш том хүнд суртал байгаагийн тод илрэл. Тиймээс нэг иргэний хандсан асуудал ихдээ хоёроос илүү шат дамжлага дамжиж болохгүй гэсэн зарчмыг барьж байна. Олон нийтийн зүгээс ЗГ, УИХ-ын шийдвэрүүд амьдралд хэрэгжихдээ алдаа дутагдал ихтэй, хэрэгжүүлэх шатанд нь бүрэн судлаагүйн улмаас асуудал үүсээд байна гэсэн шүүмжлэл ирдэг. Цаашид улс орны хэмжээний томоохон шийдвэрийг гаргахдаа тодорхой түвшинд туршиж үздэг, зөв гэдгийг баталгаажуулсныхаа дараа улс орон даяар хэрэгжүүлдэг болъё гэж зорьж байгаа" гэлээ.