Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр "Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу агаарын тээврийн үнийг иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэх шаардлага байна гэж үзэж байсан. Өрсөлдөөнгүй салбар үүссэний хор уршгийг ард түмэн нуруундаа үүрч байгаагийн том илрэл энэ байсан. ЗГ-ын шийдвэрээр 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн есөн аймаг руу хийх нислэгийн үнэ 50-70 хувь хямдарна. Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Баян-өлгий, Өмнөговь, Дорнод гээд нийт 9 аймагт агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх ажил руу орж байгаа. Уг асуудлыг шийдэхдээ хувийн байгууллагын ажиллах нөхцлийг төр засгаас хангахаар шийдсэн. Харамсалтай нь хувийн ААН-үүд маань ард иргэдийн худалдан авах чадварт эдийн засгийн зөв тооцоолол хийж, иргэдэд хямд төсрөөр үйлчлэх бодлогыг баримталж ирээгүйгээс өнөөдөр ийм асуудал үүсжээ гэж бид үзэж байна. 2024 оны нэгдүгээр сарын 1 хүртэл МИАТ компани гаднаас түрээсээр онгоц авч ажиллана. Дараа нь өөрийн захиалсан 75 хүний суудалтай орон нутгийн зориулалтын нислэг үйлдэх онгоц ирснээр ахиад ч үнэ буурах нөхцөл бүрдэнэ" гэв.
М.Дэвээ