Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсож, шийдлийн талаар хэлэлцэж буй. Тэгвэл өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт нийслэлийн есөн дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөлтэй уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцэж, санал солилцсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийслэлд, тэр тусмаа нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд Засгийн газар, нийслэлийн аль алин нь анхаарал хандуулж, хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд хийж буй ажлуудын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлээс 100 тэрбум, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гарган тодорхой ажлуудыг үе шаттай хийсэн нь үр дүнгээ өгч буй. Дараагийн шатанд буюу багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, тухайлбал автобусыг үйлчилгээнд гаргах зэрэг асуудлыг судална. Мөн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй багш нарын цалин, урамшуулал, сурч хөгжих, мэргэжил дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхийг нийслэлийн зүгээс байнга анхаарч ажиллана гэсэн юм.
Багш нарын зүгээс боловсролын гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг чанаржуулах, залуу боловсон хүчнийг бодлогоор дэмжих, түрээсийн болон ипотекийн орон сууцанд хамруулах боломж бүрдүүлэх, боловсролын салбарт чадварлаг мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд анхаарах, сурах бичгийн агуулга, уялдаа холбоог сайжруулах, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (2)