Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны хийсэн төрийн айлчлалын үеэр “Үндэсний хиймэл дагуул” төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Манай улс сансрын хиймэл дагуул үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Францын Сансар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах Харилцан ойлголцлын Санамж бичгийг 2018 онд байгуулсан.
Манай улсын хувьд гадны хиймэл дагуул түрээслэн хиймэл дагуулын үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Гэхдээ дэд бүтэц хангалтгүй учир нийт газар нутагт интернэт үйлчилгээ үзүүлэх боломжгүй хэвээр байна.
Харин үндэсний хиймэл дагуултай болсноор энэ асуудал нэг мөр шийдэгдэж алслагдсан нутаг ч өндөр хурдны интернеттэй болно. Ингэснээр төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж хаана байрладгаас үл хамааран интернетэд холбогдож, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол гээд бүх салбар бүрэн цахимжих боломж бүрдэнэ.
Тухайлбал, алслагдсан орон нутагт гэхэд л байгалийн гамшиг, ган, зуд, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх хурд сайжирч, энэ хэрээр учрах хор хөнөөл, эрсдлийг бууруулах ач холбогдолтой.